"Эрдэнэт Медипас" эмнэлгийн үнэгүй авсан хувьчлалыг цуцлахаар болжээ.
Шадар сайд С.Амарсайхан:
-2013 онд Эрдэнэт үйлдвэрийн 69.5 тэрбум төгрөгийн хөрөнгөөр баригдсан Медипас эмнэлэг, 50 айлын орон сууц, 24 машины зогсоол, тоног төхөөрөмж, эд хөрөнгийг бүхий төрийн өмчийг хууль бусаар тухайн үеийн Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд нэг ч төгрөгийн төлбөргүйгээр хувьчилсан байдаг. Тус асуудлыг Засгийн газрын хуралдаанд хэд хэдэн удаа танилцуулж байсан бөгөөд Ерөнхий сайдаас өгсөн үүрэг даалгаврын хүрээнд "Эрдэнэт медипас” төв эмнэлгийг Эрдэнэт үйлдвэрийн мэдэлд буцаан аваад ЭМЯ-ны харьяанд шилжүүлж, бүсийн эмчилгээ, оношилгооны төв болгох шийдвэрийг гаргалаа.Өчигдрийн Засгийн газрын хуралдаанд энэ асуудлаар хийсэн судалгаа, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тухай танилцуулсан.Энэ эмнэлгийн барилгыг ойрын хугацаанд хүлээж авах бөгөөд хүлээж авахтай холбоотой бэлтгэл ажлууд холбогдох байгууллагууд дээр хийгдэж байгаа.
Төрийн өмчийг үнэгүй авахыг сацуу 2016-2020 онуудад 12.7 тэрбум төгрөгийг Эрдэнэт үйлдвэрээс ажилчдад үзлэг, хяналт хийх нэрийдлээр авсан байдаг. Тэгээд буцаагаад 6.6 тэрбум төгрөгийг эмнэлгийн төлбөр гэж өгсөн асуудал байна. Өнгөрсөн хугацаанд хувьчилж авсан байгууллагад буцаан өгөх шаардлага тавихад 30 сая долларын нөхөн төлбөр нэхсэн асуудал яригдсан байдаг. Бүх асуудлыг хуулийн хүрээнд шийдэж, төр өөрийн өмчөө авч байна гэж ойлгож болно. Тухайн үеийн Эрдэнэт үйлдвэрийн дарга байсан Даваацэрэнгийн асуудал эрүүгийн хэрэг үүсч АТГ-т шалгагдаж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.