АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээнийхээ талаар танилцуулан, Оросын Засгийн газрыг Барууны санхүүжилтээс тасална гэж мэдэгджээ.
Энэхүү арга хэмжээний хүрээнд Оросын гадаад өрд хориг тавих бөгөөд ингэснээр тус улс нь Барууны санхүүгийн байгууллагуудаас санхүүжилт авах боломжгүй болох юм. АНУ мөн Оросын өндөр албан тушаалын "элитүүдийг" шийтгэх аж. Түүнчлэн Украйны Донецк, Луганск хэсгүүдэд Америкийн компаниудыг үйл ажиллагаа явуулахыг аль хэдийн хориглоод байгаа билээ.
Ерөнхийлөгч Владимир Путин Украйны салан тусгаарласан бүсүүдийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч, эдгээр хэсэгт цэргээ илгээхийг тушаасан нь "Оросын довтолгооны эхлэл" гэж ноён Байден онцолсон бөгөөд эдгээр хориг нь зөвхөн "эхний хэсэг" гэж тэмдэглэсэн юм.
АНУ мөн НАТО-гийн гишүүн орнууд болох Эстони, Латви, Литва руу цэргээ оруулж байгааг албаны хүн хэлжээ.
Сүүлийн 24 цагт хиймэл дагуулаас авсан зургаас харахад ОХУ-ын баруун хэсэгт цэргийн шинэ хүчин болон техник хэрэгсэл төвлөрсөн бөгөөд Украйны хилийн ойролцоох Беларусын нисэх онгоцны буудалд 100 гаруй тээврийн хэрэгсэл байгаа гэж АНУ-ын сансрын технологийн "Максар" компани мэдээлсэн юм. Оросын арми одоогоор ямар нэгэн тайлбар хийгээгүй байгаа ба Украйны зүүн хэсэгт цэргийн хүч нь нэвтэрсэн эсэх нь тодорхойгүй байна.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.