2022.02.22-ний өдөр бол жилийн хамгийн хүчирхэг толин тусгал бүхий өдөр гэж тэмдэглэгджээ. Энэхүү тэгш он, сар, өдөр нь жил бүр тохиолддоггүй маш ховор үзэгдэл аж. Тэгвэл энэ өдөр мэндэлсэн онцлох хүмүүс олон бий. Тэдний нэг нь Монгол ардын язгуур урлагийг дэлхийд таниулж яваа ардын хөгжимчин, өвлөн уламжлагч, Соёлын тэргүүний ажилтан, “Язгуур аялгуу” хамтлагийн гишүүн П.Болормаа юм.
П.Болормаа нь Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн. Хэдийгээр ОХУ-д хувцас дизайнерын чиглэлээр сурсан ч урлаг уран сайханд илүү сонирхолтойн улмаас мэргэжлээрээ ажиллаж байхдаа ч олон ястан үндэстний урлагийн тоглолтуудад байнга оролцдог байжээ.
1996-1998 онд товшуур хулсан хуур, төмөр хуур хөгжим сурч 2002 оноос хойш “Хөлгөн туульс”, “Хөгсүү” хамтлагийн хөгжимчнөөр ажиллаж иржээ. 2004 онд Шинжааны Үрэмч, Алтай хот, мөн Монголын баруун гурван аймгуудаар тоглолтоо хийсэн байна. Хилийн чанадад ОХУ, Франц, Бельги, Голланд, Швейцарь, АНУ, ХБНГУ зэрэг 20 гаруй оронд дуу хуураа хүргэжээ. “Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жил”, “Дээлтэй Монгол”, “Хөгсүү”, “Алтан хүрээ”, “Урианхай гэрийн үзэсгэлэн”, “Нэрт туульч С.Чойсүрэн агсны 100 жил”, “Урианхай сурын мөсний харваа”, “Төв Азийн туульсийн симфозиум”, “Азийн бөөгийн холбооны 15 жил”, “Долоон бурхан” зэрэг олон арга хэмжээнд үндэсний хувцасны үзүүлбэртэй оролцож хос хувцасны төрөлд тэргүүн байр эзэлж байсан авьяаслаг нэгэн бөгөөд түүний үзүүлбэрүүд ОХУ болон гадаадын зарим ном сэтгүүлд нийтлэгдэж байжээ.
П.Болормаа нь мартагдаж тасраад олон жил болсон Монголын эртний чашга, дудар, нуман хуурыг шинээр сэргээх, хөгжүүлэхэд бодит хувь нэмрээ оруулж яваа ардын язгуур урлаг хөгжүүлэгчдийн нэг. Одоо тэрбээр шавь сургалт явуулж, залуу үеэ ардын язгуур урлагт бэлдэж байна
П.Болормаа 2016 онд “Дэлхийг тойрох Монгол өв соёл” тоглолтыг санаачилж, Ази, Европ, Америк тивийн 50 гаруй хотод амжилттай тоглосон аж. Мөн энэ тоглолтын хүрээнд дэлхийн хэмжээний хөгжмийн болон дуу, бүжгийн хэд хэдэн фестиваль, наадамд “Язгуур аялгуу” хамтлагаараa оролцож, дэлхийн ардын урлагийн 30-р наадмын “Шилдэгийн шилдэг” гранпри шагнал хүртэж байжээ.
Түүнтэй холбогдож, цөөн хором ярилцлаа.
-Содон өдөр төрсөн танд баяр хүргэе. Өөрийгөө танилцуулна уу?
-Баярлалаа. Намайг П.Болормаа гэдэг. 2022 оны хоёрдугаар сарын 22-ны мягмар гариг буюу тэгш тоотой энэ өдөр миний төрсөн өдөр тохиож байгаад би бас их баяртай байна. Би 7 хүүхэдтэй айлын дундах охин. Ховд аймгийн уугуул, Улаанбаатарын суугуул. ОХУ буюу хуучнаар ЗХУ-д хувцас дизайны чиглэлээр сургуульд сурч байсан. Цаг үеийн нөхцөл байдлаас болоод мэргэжлээрээ удаан ажиллаж чадаагүй. Урлаг соёлоор л удаан явлаа даа. Энэ өдөр жилийн хамгийн хүчирхэг өдөр учраас нутгийнхаа уул усанд очиж тэмдэглэхээр Ховд аймагтаа ирлээ. Хүн, байгалийн шүтэлцээ, өвөрмөц ёс жаяг монголчуудад бий. Энэ үүднээс нутгийнхаа уул усанд амжин ирж, нар мандаж байхад хуур, цуур хөгжмөө тоглож, ая эгшгээр байгаль дэлхийдээ, нутгийнхаа уул усанд өргөл өргөлөө. Одоо эмнэлгээр орж дөнгөж төрсөн ээжүүдэд гарын бяцхан бэлэг өгөх бодолтой байна.
-Таны тоглодог хөгжмийн зэмсгүүд ховор төрөлдөө орох уу?
-Тиймээ, мартагдах шахсан ховор төрөлдөө орно шүү. Одоогоос 20-оод жилийн өмнө нөхрөөсөө болон хадам ааваасаа анх өвлөн авч, ардын хөгжмүүдийг тоглож сурсан. Манай хадам аав Ховд аймгийн Дуут сумын уугуул, ардын язгуур урлагийн авьяастан Ж.Эрдэнэцогт гэж хүн байсан. Миний хань Э.Баатаржав ааваасаа өвлөн ЮНЕСКО-д бүртгэгдсэн товшуур, цуур зэрэг хөгжмөөр тоглож, мөн хөөмийлж сурсан. Төмөр хуур, хусан хуур, нуман хуур, чашга хөгжмүүдийг бие даан тоглож сурсан. Киргизэд байхдаа домборыг сонирхох маягаар тоглож сурсан. Манайх гэртээ ардын хөгжмийн цуглуулгатай. Би ардын урлаг, тэр дотроос аман хөгжмүүдийг тоглож, сурталчилж, хүүхдүүд, өсвөр үеийнхэнд зааж сургаж байна. Сүүлийн үед сонирхогчид олширч байна. Миний хувьд нэлээн хэдэн шавь бэлдэж сургасан.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.