СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-02-22

Эрдэнэт: Үйлдвэр технологийн парк байгуулах төслийн ажлыг эрчимжүүлнэ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагуудын ээлжит шуурхай хуралдаан өчигдөр /2022.02.21/ болж,  үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагааг ханган ажиллах,  зэсийн баяжмал ачилт, ханган нийлүүлэлт, бүтээн байгуулалтын ажлын талаар хэлэлцжээ.

Шуурхайн эхэнд уламжлал ёсоор үндсэн цех, хэлтэс, газрын удирдлагууд ажлынхаа явцын талаар товч мэдээлэл хийв. Өнгөрсөн 7 хоногт уулын цул гаргалт, хөрс хуулалт, хүдэр өгөлтийн төлөвлөгөө 100-106 хувиар биелсэн байна.  

Мөн үйлдвэрлэлийн технологийн материал болох хүхэрт натри, баяжмалын уутны  нийлүүлэлт боломжит нөхцөлийг ханган ажиллажээ. 1800 тн хүхэрт натри нийлүүлэгдэхээс гадна баяжмалын уутны нэг сарын нөөц бүрдүүлэх боломжтой гэж Худалдан авах ажиллагааны хэлтсээс мэдээлэв. Дэлхий нийтэд тархсан цар тахлын улмаас БНХАУ-ын Эрээн хот хилийн хориг тавьснаар сүүлийн хоёр сарын хугацаанд экспортод гаргах зэсийн баяжмалын ачилт саатсан. 

Тэгвэл, өнгөрөгч долоо хоногоос баяжмалын ачилт эхэлж, таван цэгээс хоногт 50 вагон ачилт хийгдэж байгаа аж. Хамгийн дээд тал нь хоногт 74 вагон баяжмал ачсан байна.

Түүнчлэн Баяжуулах үйлдвэрийн 5-р секцийг буулгах, шинэ секцийн суурь цутгах, төмөр хийц угсрах, цахилгаан байгууламжийг өргөтгөх ажилд “Нью сувагт констракшн”, “Ган тесла” компанийн болон Барилга засвар, Засвар угсралтын цехийн ажилчид дотоод нөөц бололцоогоо ашиглан идэвх санаачилга гарган ажилласныг онцлов. Одоогийн байдлаар энэ өргөтгөлийн ажилд нийт 24 нэр төрлийн тоног төхөөрөмж, сэлбэг материал нийлүүлэгдэхээс 21 нь тээвэрлэгдэн ирээд байгаа юм. 

Эрдэнэт үйлдвэр 2022 оныг Их бүтээн байгуулалтын жил болгон зарласан. Энэ ажлын хүрээнд үндсэн чиглэлдээ тусгасан техник, технологийн шинэчлэлийг хэрэгжүүлэх, хөгжлийн томоохон төслүүдийг эрчимжүүлэх бүтээн байгуулалтыг 3 дугаар сарын 1-ээс эхлүүлэх бөгөөд Үйлдвэрлэл, технологийн парк байгуулах төслийн ажлыг онцгой авч үзэн эрчимжүүлэн ажиллахыг үүрэг болголоо.

Үүнээс гадна ирэх таван жилд Эрдэнэт үйлдвэрийг хөгжүүлэх төлөвлөгөөг гаргах, 2022 онд хийгдэх хөрөнгө оруулалт, өргөтгөл шинэчлэлтийн ажлын талаар Эдийн засгийн форум зохион байгуулах ажлын төлөвлөгөөг батлуулж, бэлтгэл ажлыг хангах, Шинжлэх ухааны академи, ШУТИС-тай хамтран Үйлдвэрлэл, технологийн парк байгуулах төслийн ажлыг хэрэгжүүлэх, “Уурхайчин-1, 2, 3” хороололд захиалга өгсөн ажилтнууд ямар шалгуураар бүртгүүлсэн, байранд орсон ажилтны хэдэн хувь нь журмын дагуу хөнгөлөлт эдэлсэн, үйлдвэрийн ажилчдад орон сууцны талаар мөрдөж буй дүрэм журмыг дахин танилцуулах, ДЦС-д үйлдвэрлэж буй шахмал түлшний талаар Үйлдвэрийн техникийн зөвлөлийн өргөтгөсөн хурлаар авч хэлэлцэх, Том төслүүдийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, овор ихтэй ачааг татах ажлыг шуурхайлан, үйлдвэрлэлийн технологийн бараа материалыг тасалдуулахгүй ажиллахыг холбогдох албаны хүмүүст тус тус үүрэг болгов. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.