СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2022-02-22

Чөлөөтийн их гурвал

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ ирэх есдүгээр сард Серби улсад болно. Үүний өмнө ААШТ-ийг дөрөвдүгээр сарын 19-24-ний хооронд манай улсад зохион байгуулахаар болсон. Энэ жилийн хувьд Монголын шигшээ баг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоно.

Ялангуяа спорт сонирхогчдын зүгээс эмэгтэй шигшээ багт ихээхэн найдлага тавьж буй. Тэгвэл Монголын чөлөөт бөхийн түүхэнд эмэгтэй гурван тамирчин ДАШТ-ээс алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлсэн түүхтэй. Тэдний тухай мэдээллийг хүргэе.

Жирийн малчны хотноос дэлхийд зодоглосон бөх

22 насандаа Лондонгийн олимпийн хүрэл медаль хүртэж, 25 насандаа дэлхийн хошой аварга болсон бөх Монголын чөлөөт бөхийн түүхэнд Соронзонболдын Батцэцэгээс өөр үгүй билээ.

Түүний хувьд 2006 оноос чөлөөт бөхөөр хичээллэж эхэлжээ. Энэ спортоор хичээллэх болсон шалтгаан нь 2006 онд Оюутны дэлхийн аваргын тэмцээн Монголд болж байхыг үзээд барилдах хүсэл төрснөөс үүдэлтэй гэсэн. Ингээд Архангай аймгийн Хашаат сумынхаа Д.Дондов багшид шавь орох гээд очсон ч аваагүй аж. Тэрбээр чөлөөт бөхийн спортод нэгэнт дурласан учир шарандаа дахин, дахин очсоор энэ спортод эргэлт буцалтгүй хөл тавьсан түүхтэй.

С.Батцэцэг анх аймгийн аваргын тэмцээнээс мөнгө, өсвөр үеийн Азийн аваргаас мөнгө, 2009 онд залуучууд, насанд хүрэгчдийн улсын аваргад түрүүлээд “Замчин” клубт З.Дүвчин багшийн шавиар ирж, 2012 оноос “Хилчин” спорт хороонд харьяалагдаж байсан юм.

З.Батцэцэг 2010 онд ДАШТ-д явахдаа бараг туршлагагүй, хэн ч танихгүй, жаахан охин монгол түмнийхээ итгэлийг өвөртлөөд очжээ. Тухайн үед аварга болохыг мөрөөдөж байсан ч болчихно гэж зүүдлээ ч үгүй аж. Хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөөд, багшийнхаа заасны дагуу барилдсан нь түүнийг  том амжилтад хүргэсэн юм. Энэ л амжилт нь түүнд хамгийн том урам, урагшаа гишгэх хүч болжээ.

Тиймээс ч 2015 онд ДАШТ Лас-Вегас хотод болоход 63 кг-ийн жинд зодоглосон С.Батцэцэг аваргын төлөө барилдахаар дахин гарч ирсэн юм. Тэрбээр Залуучуудын ДАШТ-ий хошой алтан медальтай Японы Рисако Кавайг цэвэр ялж монгол бөхийн хүч чадал, хурц ухаан, уран барилдааныг дэлхийн дэвжээнд дахин гайхуулж, хоёр удаа төрийн дууллаа эгшиглүүлсэн гавьяатай.

19 насандаа дэлхийд данслагдсан хүчтэн

Ташкентийн тэнгэрт төрийн дууллаа эгшиглүүлж, 2014 онд 19 настайдаа дэлхийн аварга болсон тамирчин бол С.Цэрэнчимэд билээ. 12 настайгаасаа их спортод хүчин зүтгэсэн тэрбээр эмэгтэйчүүдийн 60 кг-ийн жинд Азербайжаны бөх Юлия Раткевичийг 12:3-аар ялж үзэгчдийг шуугиулж байв. Түүний өрсөлдөгч нь олимпийн мөнгөн медальтай туршлагатай тамирчин байсан юм.

С.Цэрэнчимэдийн хувьд Хэнтий аймгийн уугуул. Дөрвөн хүүхэдтэй айлын отгон охин билээ. Түүний аав Сүхээ залуудаа барилддаг, нутагтаа алдартай хүн байсан гэнэ. Том ах нь мөн л барилддаг байж. Солонгос улс руу ажил хийхээр явахдаа отгон дүү С.Цэрэнчимэдийгээ өөрийн багш Ц.Хосбаярт шавь болгосон нь хамгийн зөв алхам байв. Анх Баянзүрх дүүргийн аварга шалгаруулах тэмцээнд 79 дүгээр  сургуулийн сурагч байхдаа орж, мөнгөн медаль хүртэж байжээ. Жилийн дараа улсын аваргад түрүүлсэн.

16 настайдаа  өсвөрийн улсын аварга болж амжилт нь шат шатаар ахисаар байв. Тухайн үеийн Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Д.Дагвадорж түүнийг сургахаар Япон руу явуулсан гэдэг. Тэндээс С.Цэрэнчимэд асар их зүйл сурсан тухайгаа ярьдаг. Даанч ар гэрийн асуудлаас бодоод эх орондоо буцахаас өөр сонголтгүй болсон аж. Тэрбээр уг нь эмч болох мөрөөдөлтэй байж. Хэзээ нэгэн цагт мөрөөдлөө биелүүлнэ гэсэн холын зорилго тээж явдаг юм байна. 

Бярдаж, илүүрхсэн аварга

2017 он Монголын чөлөөт бөхийн түүхэнд нэгэн шинэ алхам, шинэ амжилтыг зурсан жил байв. “Парис 2017” насанд хүрэгчдийн чөлөөт бөхийн ДАШТ-ний 63 кг-ийн жинд дахин монгол охин аваргын төлөө барилдахаар дэвжээнд гарч ирсэн юм. Тэр бол цэргийн дэлхийн аварга, ААШТ-ий мөнгөн медальт, Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гийн гурван удаагийн аварга, үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны бөх, гавьяат тамирчин Пүрэвдоржийн Орхон байв.

Түүний хувьд аваргын төлөө ДАШТ-ий алт, хүрэл медальт Украины Юлья Ткачыг 6:3 ялж, Парисын тэнгэрт төрийн дууллаа эгшиглүүлсэн юм. П.Орхон Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд 1993 оны арванхоёрдугаар сарын 25-нд төржээ. Тэрбээр нэгдүгээр ангид ороод шатрын дугуйланд явж, их спортын замналаа оюуны спортоор эхлүүлсэн түүхтэй. Харин IV ангидаа хот руу шилжээд тэшүүрээр хичээллэж үзсэн байна. П.Орхон спортын алдартнуудаар алдартай 79 дүгээр сургуулийг төгссөн. Энэ сургуулийг олимпийн аварга Э.Бадар-Ууган, олимп, дэлхийн мөнгөн медальт Н.Төгсцогт, дэлхийн аварга С.Цэрэнчимэд нар төгссөн байдаг.

П.Орхон С.Цэрэнчимэдтэй нэг анги байжээ. Түүнийг багш дасгалжуулагч нар нь шуундаа бяртай, бярдаж, илүүрхэж барилддаг гэж үнэлдэг.  П.Орхон 2016 онд олимпийн гурав, дэлхийн арван удаагийн аварга Японы алдарт бөх Каори Ичог Иван Ярыгины нэрэмжит тэмцээний алтан медалийн төлөөх барилдаанд 10:0-ээр ялж байв. Япон бүсгүй 2003 оноос хойш ялагдал гэгчийг "мартаад" байсан босоо аварга билээ. Түүний 13 жилийн ноёрхлыг монгол охин П.Орхон зогсоож чадсан юм.

Ч.ГАНТУЛГА

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  ХОЁРДУГААР САРЫН 22. МЯГМАР ГАРАГ. № 38 (6770)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (7)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
192.82.74.213

Орхоны шийтгэлийн хугацаа хэзээ дуусах вэ ? Хүч бяр хийц нь жигдэрсэн , дэлхийн нэг номерийн тамирчин .

Зочин
2 жилийн өмнө
202.131.235.86

Орхон ирэх болсон уу

зочин
2 жилийн өмнө
192.82.73.133

Орхоны тухай мэдээлэл өгөөч. Одоо шийтгэлийн хугацаа нь дууссан баймаар юм аа.

Tuugii
2 жилийн өмнө
202.126.89.154

Ene jil duusaj bgaa bhaa

Ням
2 жилийн өмнө
64.119.17.74

Орхон бол үнэндээ гайхамшиг байсаан...хэрэв эрх нь хасагдаагүй байсан бол олимпийн аварга өлхөн байсан гэж боддог...

Бааска
2 жилийн өмнө
192.82.76.183

Допинг идэж гэнэт цоорсон доо Орхон гэж хүүхэд

Зочин
2 жилийн өмнө
202.179.26.76

Орхоныг бэлтгэл тасраагүй биз. Гэж найдна энэ оны 4- сард УБ- т болох тэмцээнд ородцох уу. Шийтгэлийн хугацаа энэ онд дуусах биз дээ. Япончуудыг дарах ганц бөх маань Орхон, Цэрэнчимэд хоер шүүдээ. Энэ хоёрыгоо нэг яолимпын аврага болгочих юмсан. Одоо нас нь яваад л байгаа шүүдээ. Бтд амжих хэрэгтэй шүү. Хоёр охиндоо амжилт хүсье.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.