АНУ-ын Майами эргийн ойролцоох далайн усанд нисдэг тэрэг осолдсон талаар тус бүсийн цагдаагийн газраас мэдээлжээ.
Албаныхны ил болгосон бичлэгээс харахад, энэхүү осол хүн ихтэй хэсэгт болсон бөгөөд нисдэг тэрэг далайн усанд сэлж байсан иргэдээс хэдхэн метрийн зайд унасан байна. Ослын үеэр тус нисдэг тэрэг дотор гурван хүн байсан бөгөөд хоёр зорчигчийг яаралтай эмнэлэгт хүргэсэн гэж цагдаа нар мэдэгдсэн юм. Одоо тэдний биеийн байдал тогтвортой байгаа гэж Цагдаагийн газрын олон нийтийн мэдээллийн ажилтан Эрнесто Родригес хэлсэн байна.
Энэхүү ослын гэрч, нисэх онгоцны механикч Шон Адамс болсон явдлын талаар "WPLG" агентлагт ярихдаа "Нисдэг тэрэг далай дээгүүр хэд хэдэн удаа нааш цааш эргэлдсэний эцэст осолдсон. Осол далайн эргээс 45 метрийн зайд л, маш олон хүний хажууд болсон. Эрэг дээр байсан хүмүүсээс хэн ч гэмтээгүй нь үнэхээр гайхалтай" хэмээжээ.
Ослын газарт АНУ-ын Холбооны нисэхийн захиргааны алба хаагчид ажиллаж, наран шарлагын газрын зарим хэсгийг хаасан байна. Одоогоор ослын шалтгааныг тодорхойлоогүй байгаа гэж эрх баригчид мэдээлсэн юм.
Эх сурвалж: CNN, The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.