Израиль улс ирэх 3 дугаар сараас эхлэн коронавирусийн эсрэг вакцинжуулалтад хамрагдаагүй жуулчдыг хүлээж авахаар болжээ.
Ерөнхий сайд Нафтали Беннетт өнгөрөгч ням гарагт хийсэн мэдэгдэлдээ "Цар тахлын өвчлөлийн тоо тогтмол буурч байгаа тул бид хилээ аажмаар нээх цаг нь болсон" гэж онцолсон байна. Түүний мэдээлснээр, гадаадын жуулчид вакцин тариулсан эсэхээс үл хамааран нислэгийн өмнө болон дараа "ПСР" шинжилгээ өгөх шаардлагатай аж.
Түүнчлэн эх орондоо буцаж ирж буй израильчуудад тавьсан хязгаарлалтыг хөнгөвчилсөн учир тэд нислэгээсээ өмнө "ПСР" шинжилгээнд хамрагдах шаардлагагүй болсон байна. Мөн тус улсын сургуулийн насны хүүхдүүдийг долоо хоног бүрийн шинжилгээнээс чөлөөлөхөөр болжээ.
Израиль сүүлийн хоёр жилийн хугацаанд гадаадын ихэнх жуулчныг хүлээж аваагүй бөгөөд өнгөрсөн оны сүүлээр "Омикрон" хувилбар хурдацтай тархах болсноор гадаадын зорчигчдод хилээ хаасан билээ. Гэхдээ сүүлийн үед тус улсад бусад орны адил цар тахлын халдварын шинэ тохиолдлын тоо огцом буурч байгаа юм.
Эх сурвалж: AP
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.