“Мэдрэмжтэй мэдээлье” нэгдлээс “Улс төрийн нам ба тэгш гараа” хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг УИХ-ын ирэх хаврын чуулганаар хэлэлцэн батлах хүлээлттэй байгаа Улс төрийн намын тухай хуулийн төслийг танилцуулсан юм.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг:
-Улс төрийн намын тухай хуульд улс төрийн намын үйл ажиллагааг цахимжуулах байдлыг дэмжиж байгаа. Мөн улс төрийн намын дотоод ардчиллыг дэмжсэн томоохон өөрчлөлт орж байна. Намын дотоод бүх үйл ажиллагаа, ялангуяа шийдвэр гаргах буюу тухайн намаас сонгуульд оролцох хурлуудад нийгмийн сонирхлын бүлгийнхний оролцоог тэгш хангах заалтыг оруулж өгч байгаа. Өөрөөр хэлбэл, нам аль болох иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийн баталгаа болсон институци болгохыг хуулиндаа тусгасан.
Намын дотоод сонгуулийн будлиантай болсон эсэх, намын аль нэг байгууллага хандив өгөх ёсгүй этгээдээс авсан, санхүүгийн үйл ажиллагаандаа алдаа гаргасан тохиолдолд намын хяналтын байгууллагууд очиж хяналтаа тавина. Нам жил бүр 2 удаа төсвийн санхүүжилт болон бусад санхүүжилтээ мэдээлэх ёстой. Үүний өмнө дотооддоо болон аудитын байгууллагаар хянуулах хэрэгтэй. Дараа нь тайлангаа ил, тод болгох ёстой.
Намын гишүүд хууль бус үйл ажиллагаанд оролцсон тохиолдолд, сонгуулиар далд санхүүжилт, хуулиар хориглосон эх үүсвэрээс их мөнгө авсан тохиолдолд хариуцлага тооцно. Намын хууль зөрчсөн үйл ажиллагаа, улс орны үндэсний аюулгүй байдал, ардчилсан төрийн байгуулалтад аюул заналхийлэл учруулсан тохиолдолд тухайн намын статусыг бууруулах буюу идэвхгүй ангилалд оруулна.
30 гаруй жилийн хугацаанд МУ-ын эрх барих байгууллагад хөгжлийн бэрхшээлтэй иргэн нэг ч удаа сонгогдож байгаагүй. Намаас нэр дэвшээд гарлаа гэхэд профессын хувьд хаалттай байдал, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг нэр дэвшүүлдэггүй зэрэг саад, бэрхшээл байгаа. Тийм учраас улс төрийн намын тухай хуулийн төсөлд хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг нэр дэвшүүлсэн намд урамшуулал байдлаар нэмэлт дэмжлэг олгоно. Мөн тухайн намаас сонгогдсон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоогоор нэмэлт санхүүгийн хөшүүргийг суулгаж өгнө гэв.
"Нээлттэй нийгэм" хүрээлэнгийн засаглалын хөтөлбөрийн менежер Д.Энхцэцэг:
-Сүүлийн хоёр сонгуулийн дүнгээр улс төр дэх эмэгтэйчүүдийн квот 17.3 хувь болсон. Азид энэ квот 20 хувь байдаг нь маш чамлахаар дүн. Мөн Монгол улс Азидаа ногоон арал гэж танигдсан ч бусад оронтой харьцуулахад улс төрд эзлэх эмэгтэйчүүдийн байр суурь, оролцоо бага түвшинд байна. Олон улсад энэ үзүүлэлт 25 хувьтай байгаа нь манай улс үүнээс 7 хувиар бага байгааг харуулж байна. Судлаачдын харж байгаагаар квотоо дээшлүүлэхгүй бол эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэх боломжгүй гэх байр суурьтай байдаг. Үүнд олон хүчин зүйл нөлөөлдөг. Тухайлбал, намуудын соёл, улс төрийн санхүүжилт, тэгш гарааны нөхцөл хангагдахгүй байгаа зэрэг асуудлууд нөлөөлж байна.
2020 оны жишээг харахад нам, нэр дэвшигчид нийлээд 79 орчим тэрбум төгрөгийг зарцуулсан. Үүний 77 тэрбумыг өөрсдийн зардлын дансандаа төвлөрүүлсэн бол 2 тэрбум орчим төгрөг нь тодорхойгүй дүн байна.
Урьд урьдны сонгуульд 45 тэрбум төгрөг зарцуулсан байна. Үүнээс харахад сонгуулийн зардал жил ирэх тусам нэмэгдэж байна. Энэ байдал нь иргэдийн сонгуульд тэгш өрсөлдөх боломжийг хааж байна. Сонгуулийн зардлыг нэмэгдүүлэхэд юу нөлөөлж байна гэдгийг гарцаагүй олох ёстой байна. Сонгуулийн сурталчилгааны өдрийг 14 хоног болговол маш бага мөнгөөр өрсөлдөх болов уу гэсэн ч эсрэгээрээ нэмэгдэж байна. Тиймээс үүн дээр тодорхой шийдлүүд олох ёстой гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ene odoo onoo avah geed l bur bj yadah ymaa
Энэ авгай дандаа л мөнгө зарах юм ярих юмаа. Өөр юм сэтгээчээ.
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс сонгуульд дэвших нь зүй ёсны асуудал. Харин нам шагнал авах нь элий хэрэг. Балай авгай
Оюуны хомсдолтой хүиүүс олон л сонгогдсондоо
Та нар шиг тэнэгүүд түүнийг цэнэлэхгүй ээ. Нийгэмд их юм бүтээх улс төрч шүү.