“Бээжин-2022” олимпын наадам өнөөдөр албан ёсоор өндөрлөж байна.
Энэ удаагийн олимпын наадмаас 28 улс медаль хүртсэн бол Норвегичууд 16 алт, 8 мөнгө, 13 хүрэл, нийт 37 медаль хүртсэн амжилтаар багийн дүнгээр хол тасархай тэргүүллээ. Нэг олимпоос 16 алтан медаль авсан нь бүх цаг үеийн дээд амжилт болж байна. Өмнө нь буюу 2010 оны олимпоос Канад, 2018 оны олимпоос Герман, Норвегийн баг тамирчид 14 алтан медаль авсан нь өмнөх дээд амжилт байлаа.
Медалийн чанараар "аман хүзүүдсэн" Германчууд чарга, бобслей, скелетоноор ихэнх алтаа түүж 12 алт, 10 мөнгө, таван хүрэл медальтай нутаг буцаж байна. Харин зохион байгуулагч БНХАУ 9 алт, нийт 15 медальтайгаар өвлийн олимпын дээд амжилтаа тогтоон гуравдугаар байранд орлоо. Урд хөршийн тамирчид 2010 оны Ванкуверийн олимпоос 5 алт, нийт 11 медаль авсан нь өмнөх рекорд нь байлаа.
Оросын ҮОХ-ны тамирчид медалийнхаа тоогоор Норвегийн ард бичигдсэн ч алтан медалийн тоо цөөн байсан тул медалийн чанараар есдүгээр байранд орлоо.
Шинэ Зеланд улс өвлийн олимпын анхны алтан медалиа сноубордоор хүртсэн бол Бельги улс 74 жилийн дараа анхны алтан медалиа өөрийн болгожээ.