Сумын цолтон болон залуу бөхчүүдийн хоёрдугаар сарын ээлжит барилдаан өчигдөр /2022.02.19/ болж 640 бөх уран мэх, авхаалж самбаа, хурд хүч сорин барилдсанаас Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат сумын баяр наадамд зургаан удаа түрүүлсэн манлай заануудын нэг Б.Бат-Эрдэнэ 10 даван түрүүлжээ
Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын харьяат сумын баяр наадамд хоёр түрүүлж, хоёр үзүүрлэсэн сумын заан Б.Боорчи үзүүрлэв.
Их шөвгийн гуравт Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, Бөхбилэгт дэвжээ, Хилчин спорт хорооны бөх, сумын заан Э.Түмэндэмбэрэл, шөвгийн тавд Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат сумын заан Ч.Бямбадорж, Архангай аймгийн Хашаат сумын харьяат сумын заан С.Сүхбат нар шалгарав.
Харин аравт Ховдын У.Батцоож, Хөвсгөлийн М.Цэрэн, Өмнөговийн М.Буяндэлгэр, Завханы М.Цогтгэрэл, Сүхбаатарын С.Ган-Эрдэнэ нарын заанууд үлдсэн байна.
Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын харьяат, улсын өсөх идэр начин Цэгмэдийн Улаанхүүгийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан өнөөдөр зохион байгуулагдах хуваарьтай бөгөөд 10:00 цагаас Монгол бөхийн өргөөнд бүртгэл эхэлнэ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.