Иргэний нисэхийн ерөнхий газрын “Цагийн хуваарийн зөвлөл”-өөс энэ оны зуны буюу гуравдугаар сарын 27-ны өдрөөс аравдугаар сарын 29-ний өдөр хүртэлх орон нутгийн нислэгийн цагийн хуваарийг баталжээ.
Агаарын тээврийн компаниуд энэхүү цагийн хуваарийн дагуу нислэгийн хуваарь, төлөвлөлтөө зохион байгуулна. Мөн аялал жуулчлалын компаниуд Монгол Улсыг зорих жуулчдыг авчрах ажлаа эртнээс төлөвлөхөд хэрэгтэй аж.
Ташрамд дурдахад ИНЕГ- аас орон нутгийн нисэх буудлуудыг шаардлагатай боловсон хүчнээр хангах үүднээс анх удаа дотооддоо нислэгийн удирдагч бэлтгэх сургалтыг эхлүүлжээ. Орон нутгийн нисэх буудлуудад нислэгийн удирдагчаар тогтвор суурьшилтай ажиллах 16 суралцагчийг өнгөрсөн оны 12 дугаар сард сонгон шалгаруулсан бөгөөд Нисэхийн сургалтын төв болон Тайландын Хаант Улсын Иргэний нисэхийн сургалтын төвтэй хамтарсан “Аэродромын нислэгийн удирдагч бэлтгэх сургалт”-ын эхний хэсэг болох онолын хэсгийг энэ оны нэгдүгээр сарын 10-наас хоёрдугаар сарын 14-ний хооронд цахимаар зохион байгуулсан аж. Хоёрдугаар ээлжийн сургалт буюу дадлагажуурын сургалт тавдугаар сарын 27 хүртэл үргэлжилнэ.
Суралцагчид Тайландын Хаант улсын Иргэний нисэхийн сургалтын төвийн Нислэгийн удирдагчийн гэрчилгээтэй төгсөж, орон нутгийн нисэх буудлуудад ажиллах юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.