Франц улс болон түүний холбоотнууд Малигаас цэргээ гаргах болсныг Ерөнхийлөгч Эммануэль Макрон мэдэгджээ. Эдгээр цэрэг 2013 оноос хойш Мали дахь исламын дайчдын эсрэг тэмцэж байсан бөгөөд одоо тэднийг Африкийн Сахел бүсийн өөр хэсэгт дахин байршуулах аж.
Европ, Африкийн удирдагчид өнгөрөгч лхагва гаргийн орой энэ асуудлаар хэлэлцсэний эцэст энэхүү шийдвэрт хүрсэн байна. Малигийн эрх баригч цэргийн хунтын дайсагнал өсөн нэмэгдэж буй энэ үед дипломат харилцаа тасарсны улмаас ийм байдал үүссэн гэж Ноён Макрон өчигдөр Парист болсон хэвлэлийн бага хурлын үеэр тайлбарлажээ.
Тэрээр "Бид стратеги, далд зорилгоо хуваалцдаггүй де-факто эрх баригчидтай мөр зэрэгцэн цэргийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлж чадахгүй" хэмээн мэдэгдсэн юм.
Харин Малигийн цэргийн хунтын хэвлэлийн төлөөлөгч Сулейман Дембеле энэхүү мэдэгдлийг үл тоомсорлон, Европын хүчнийхэн тус улсад байх үеэр "терроризм Малигийн нутаг дэвсгэрийг бүхэлд нь бүрхсэн" гэж сэтгүүлчдэд хэлжээ.
Энэхүү цэргийн хунт 2020 оны 8 дугаар сард төрийн эргэлт хийж, Засгийн эрхийг гартаа авснаас хойш Франц, Мали улсуудын харилцаа муудсан билээ. Цэргийн удирдагчид энэ сард сонгууль зохион байгуулна гэж амлаад байсан ч тохиролцооноосоо буцаж, 2025 он хүртэл засгийн эрхийг барих болсноор хурцадмал байдал нэмэгдэн, эцэст нь Францын Элчин сайд хөөгдөн гарсан юм.
Францын бараг 5,000 цэрэг Исламист босогчидтой тэмцэхээр Сахел бүсэд байрлаж байгаагийн 2,400 орчим нь Малигийн хойд хэсгийн гурван баазад байрлаж байсан аж. Харин одоо тэднийг 4-6 сарын хугацаанд тус улсаас гарахаар төлөвлөж байна.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.