Монголын Үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас шатахуун, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөн үед хэрэглээний бүх төрлийн зээлийн хүүг бууруулах албан шаардлагыг УИХ, Засгийн газарт хүргүүлнэ.
МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэбат:
-Хөгжлийн банкны асуудал нийгэмд ихээхэн бухимдал үүсгээд байна. Хөгжлийн банкнаас улс төр, бизнесийн бүлэглэлийн хүмүүс зээл авч зээлээ төлөөгүй асуудал үүсгэж байна. Ирэх жил 800 сая ам.долларын бондын эргэн төлбөрийг төлнө. Тус бондын төлбөрийг Засгийн газар төлөхөөс үүдэж цалин нэмэгдэхгүй байх, бүх төрийн зардал танагдах, татвар байдлаар ачаалал иргэдийн нуруун дээр ирнэ.
Хэрэглээний бүх төрлийн зээлийн доод тал нь 1 хувьд хүргэж хүүг бууруулах шаардлагатай. Учир нь зарим эрх мэдэлтнүүд Хөгжлийн банк, ЖДҮ-ийн сангаас 3 хувийн зээлийг тэрбум тэрбумаар нь авчихаад хүүлж амьдардаг. Ийм шударга бус байдал Капитал банкнаас үүсэлтэй. 240 гаруй тэрбум Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг байршуулж, зарим хүмүүс зээл аваад төлөөгүй. Үүний урхаг нь НД-ын шимтгэлийг 5 хувиар өсгөх байсны 3 хувиар өсгөсөн. Үлдэгдэл 2 хувийг МҮЭ-ийн холбооноос хамтын тэмцэл өрнүүлсний дүнд нэмэгдүүлээгүй. Ийм бусармаг байдлыг үндсээр нь цэгцлэх ёстой. Хөгжлийн банкнаас зээл авсан хүмүүсийг өөрсдөөр нь төлүүлэх хэрэгтэй. Эрх мэдэл албан тушаалтай хүмүүсийн авсан зээл барьцаа хөрөнгөгүй, 3-8 хувийн зээл авдаг бол иргэдийн зээл 19-20 хувь байгаа нь шударга бус байна.
Өнөөдөр хэрэглээний үнийн өсөлтийн дарамт дунд ард иргэд амьдарч байна. Сүүлийн жил гаруйн хугацаанд цалин хөлс нэмэгдээгүй. Тиймээс зээлийн хүүг бууруулах хэрэгтэй. Иргэд өрхийн хэрэглээ нь хүрэхгүй болохоор зээл авч амьжиргаагаа залгуулж байна. Иймд хэрэглээний бүх төрлийн зээлийн хүүг бууруулах албан шаардлагыг УИХ, Засгийн газарт хүргүүлж байна. Иргэдийн цалин, хэрэглээний зээлийн хүүг нэг оронтой тоонд багтаах, дээд тал нь 10 хувь болгохыг шаардаж байна. Гуравдугаар сарын нэгний дотор бидний шаардлагын хариуг өгөхийг хүсч байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.