Хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудлаар улс төрч, эдийн засагч, бусад судлаачдын байр суурийг цувралаар хүргэж байгаа билээ. Тэгвэл өнөөдөр ХҮН-ын Удирдах зөвлөлийн дарга Б.Найдалаатай чанаргүй зээлийн асуудлаар гарц гаргалгаа хайж, улс төр болоод эдийн засгийн хүрээнд ярилцлаа.
-МАН-ын зүгээс Хөгжлийн банкны чанаргүй зээлд холбогдсон гишүүдээ намаас нь түдгэлзүүлэх, харин АН хянан шалгах түр хороо байгуулахаа мэдэгдсэн. Танай намын зүгээс ямар арга хэмжээ авах вэ?
-ХҮН-ын хувьд байр суурь ойлгомжтой. Хөгжлийн банкны асуудал бол өмнө нь ЖДҮ-ийн асуудал байсантай адил. Одоохондоо илрээгүй байгаа ТӨХК, төрийн байгууллагуудыг тойрсон авлига, хулгайн зөвхөн нэг хэсэг юм. Үүн дээр мэдээж хуулийн хариуцлага хүлээлгэх ёстой, сайн шалгах ёстой. Аль нь хэвийн, аль нь чанаргүй гэдгийг ялгаж хатуу хариуцлага хүлээлгэх ёстой.
Нэгт, цаашид гаргуулахгүйн тулд тогтолцоо, бүтцийн ямар өөрчлөлт хийх ёстой вэ
Хоёрт, Улс төрийн хариуцлага Монголд маш чухал байна. Улс төрийн хариуцлага хүлээлгэж байсан тохиолдол Монголд байдаггүй. Хулгай хийдэг, авлига авдаг, дараагийн сонгуулиар нэр дэвшээд дахиад дарга болчихдог. АН, МАН гэж ялгаж, намчирхалгүйгээр хулгайч л бол хулгайч. Тэгэхээр үүн дээр дахиж улс төрийн албан тушаал хаших, сонгуульд нэр дэвшихийг нь хатуу хориглох ёстой.
Улс төрийн намчирхал бол Монголд гаарсан. Хоёр нам талцаад байгаа мэт хэрнээ цаанаа хулгайч, авлигачдыг хаацайлж байдаг. Хулгайч нар, авлигач нар үүнийг өдөөдөг бас хүсдэг. Тэгэхээр ХҮН-ын байр суурь бол хулгайн асуудал дээр намчирхаж болохгүй гэх байр суурьтай байна.
Ирэх сонгуулиудад хулгайтай холбогдсон ямар ч хүнийг нэр дэвшүүлэхгүй байх ёстой.
-Хөгжлийн банк байгуулагдсанаасаа хойш зургаан Засгийн газрын нүүр үзжээ. Энэ хугацаанд бондыг бондоор нь төлж ирсэн. Үүний хор, хохирол нь юу байв?
-Нэгэнт авсан зээлээ төлж чадахгүй бол улс өөрөө дампуурлаа зарлачихгүйн тулд дахин зээл аваад бонд гаргаж, санхүүжүүлэхээс өөр аргагүй. Монгол улс дандаа ийм замаар явж ирсэн.
Хөгжлийн банкны хувьд Монголд зайлшгүй хэрэгтэй институци мөн. Хөгжлийн банк эхэндээ их зөв байгуулагдсан. Гэхдээ манай улсын улс төрийн тогтолцоо, авлига, хулгай, ёс зүйгүй байдлаас болж эвдэрсээр байгаад сүүлдээ Хөгжлийн банк томхон хэмжээтэй төрийн мэдлийн банк болж хувирсан. Тэр байтугай иргэнд 5 сая төгрөгийн зээл олгосон байгаа юм шүү дээ. Ийм зорилго нь тодорхойгүй, мөнгө идэж уух зээлийн институци болсон нь харамсалтай. Энэ бол өөрөө Монгол улсад үүрлэсэн авлига, хулгай, улс төрийн гажуудал.
Улс төрийнхөө сонгуулийн тогтолцоог өөрчлөхгүй бол бид нараас Хөгжлийн банкны асуудал хэзээ ч тасрахгүй.
-"Өрийг нь өөрсдөөр нь төлүүлье" хэлэлцүүлэг болж, нийгэмд тэсрэлт өглөө. Үүнээс өөр гарц, гаргалцаа юу байна?
-Гарц, гаргалгааны хувьд хэд хэдэн арга зам байна. Нэгдүгээрт, өрийг нь өөрсдөөр нь төлүүлэх нь зөв. Төлүүлэхийн тулд хуулийн болон ёс зүйн, улс төрийн шахалт дарамтыг хүртэл үзүүлэх ёстой. Хоёрдугаарт, хуулийн хариуцлагаас мултрах ёсгүй. Гуравдугаарт, сонгуулийн тогтолцооны өөрчлөлт. Хэрэв ийм жижиг 76 тойрогтоо боов тарааж байгаад сонгогдчихдог, төсөв мөнгөө өөрийнхөө тойрог руу чирчихдэг сонгуулийн тогтолцоотой бол Хөгжлийн банкны энэ асуудал тасрахгүй. Үүнийг яах ёстой вэ гэхээр сонгуулийн пропорьциональ тогтолцоо болон улс төрийн намуудын шинэчлэлээр өөрчилнө. Дөрөвдүгээрт, Хөгжлийн банк бол Монгол улсад хэрэгтэй. Хөгжлийн яам гэж байгуулаад сайдаас нь болоод татан буулгаж, дахиж хэдэн жилдээ байгуулж чадахгүй болсонтой адил Хөгжлийн банкыг дахин татан буулгавал Хөгжлийн банк гэж дахиж 10, 20 жилдээ ярих эрхгүй болно. Тэгэхээр хуулинд нь өөрчлөлт оруулаад, Хөгжлийн банк гэдэг нэрээр нь маш хатуу, юунд зарцуулах, хэн хариуцахыг нь тодорхой болгоод ажиллуулах хэрэгтэй. Тавдугаарт, төрийн өмчит компаниудын шинэчлэл. Одоохондоо илрээгүй байгаа болохоос биш "Таван толгой түлш"-ээс авхуулаад "Эрдэнэс Монгол"-ыг оруулаад орон нутгийн өмчит, төрийн мэдэж байгаа энэ бүх байгууллагууд дээр энэ байтугай хулгай байгаа гэдэгт бүрэн итгэлтэй байна.
-Тодруулахад, төр хажуудаа банктай байх нь зөв үү?
-Хэрэв ажиллуулж чадвал Хөгжлийн банк санхүүжүүлэх тодорхой төсөлтэй, тэр нь хөгжилд нэмэртэй байж чадах юм бол Хөгжлийн банк зайлшгүй хэрэгтэй. Хөгжлийн банкны жишээ бол анх загвар нь зөв байсан боловч бидэнд ямар ч хөгжлийн бодлого байгаагүй. Төсөл байгаагүй учраас ихэнх нь дампуурч байгаа юм л даа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.