Саудын Арабт үйл ажиллагаа явуулдаг "Renfe" төмөр замын компани галт тэрэгний 30 эмэгтэй жолооч ажилд авахаар зар тавьсан ч 28 мянган өргөдөл хүлээж авсан гэж мэдэгджээ. Сонгогдсон эмэгтэйчүүд нь нэг жил сургалтад суусныхаа дараа Мекка болон Медина хотуудын хооронд хурдны галт тэрэг жолоодох юм.
Исламын шашинтай тус хаант улсад ийм төрлийн ажлын байранд эмэгтэйчүүдийг авч буй анхны тохиолдол билээ. Саудын Араб нь хэдэн арван жилийн турш эмэгтэйчүүдийн ажиллах хүчний түвшнээрээ дэлхийд хамгийн доогуурт бичигддэг орнуудын нэг байсан.
Гэвч Хаан ширээ залгамжлах хунтайж Мохаммед бин Салман газрын тосноос хамааралтай эдийн засгаа төрөлжүүлэхээр төлөвлөж байгаа тул тус улсын Засгийн газар сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн тоог нэмэгдүүлэхээр хүчин чармайлт гаргах болжээ.
Үүний хүрээнд, эмэгтэйчүүдийг автомашин жолоодохыг зөвшөөрч, тэднийг илүү чөлөөтэй зорчих боломжийг олгохын тулд эрэгтэйчүүдийн хяналтыг хөнгөвчлөх зэрэг нийгмийн хэд хэдэн шинэчлэлийг хийсэн билээ. Эдгээрийн үр дүнд, эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцоо сүүлийн таван жилийн хугацаанд бараг хоёр дахин нэмэгдсэн байна.
Гэвч Саудын Арабын эмэгтэй иргэд гэрлэх, шоронгоос гарах эсвэл эрүүл мэндийн тодорхой үйлчилгээ авахын тулд эрэгтэй асран хамгаалагчийн зөвшөөрөл авах ёстой хэвээр байгаа аж. Мөн гэр бүл салалт, хүүхэдтэй холбоотой шийдвэр гаргахад эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах хандлагатай хэвээр байгааг хүний эрхийн төлөө тэмцэгчид шүүмжилж байгаа юм.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.