Афганистаны Забул мужийн алслагдсан дүүргийн худагт хоёр хоногийн турш гацсан хүүг гаргаж авахаар аврагчид өдөр шөнөгүй ажиллаж байна.
Есөн настай Хайдер нь өнгөрөгч мягмар гарагт Шокак тосгоны замаар явж байгаад халтирч, худагт унасан болохыг албаныхан мэдээлжээ. Аврагчид мягмар гаргийн шөнө түүнийг худгаас гаргах гэж оролдсон ч аврах ажиллагааны үеэр хүү худгийн голд хавчуулагдан, гацжээ. Тус худаг нь 25 метрийн гүнтэй бөгөөд хүү 10 метрийн гүнд гацсан гэж мэргэжилтнүүд тооцоож байгаа юм.
Хайдер гар болон биеийн дээд хэсгээ хөдөлгөж чадаж байгаа ч мягмар гаргаас хойш түүний биеийн байдал муудсан аж. Тэгвэл түүнийг гаргаж авахын тулд шуудуу ухаж байгаа аврагчид хүүд хүрэхэд тун ойрхон байгаа гэж бүс нутгийн албаны хүн мэдэгджээ.
Энэхүү явдлаас долоо хоногийн өмнө Мароккод дөрвөн хоногийн турш худагт гацсан хүү нас барсан харамсалтай хэрэг гарсан билээ.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.