Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилгоор байгуулсан Хөгжлийн банкнаас улстөрчид, тэдний танил тал, хамаарал бүхий аж ахуйн нэгжийнхэн нэн хөнгөлөлттэй зээл авсан, барьцаа хөрөнгө нь шаардлага хангахгүй зэрэг шалтгаанаар олон компанийнхныг АТГ-ынхнаар шалгуулахаар хандаад буй билээ.
АТГ-ынхан ч 2022 оны нэгдүгээр сарын 28-нд зарласан мэдээллийн дагуу ажлын хэсэг байгуулан тухайн зээлийг олгоход нөлөөлсөн Хөгжлийн банкны албан тушаалтнууд болон зээлдэгч нарыг шалгаж эхэлсэн юм.
Тэгвэл хэд хэдэн хүнийг яллагдагчаар тооцон цагдан хорьж шалгах санал ажлын хэсгийнхэн НПГ-т хүргүүлсэн гэнэ. Прокурор уг саналыг нь шүүхэд хүргүүлснийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр хэлэлцэх аж. Тус шүүхийн шүүгч хэрхэн шийдвэрлэхээс Хөгжлийн банкны хэрэг нааштай, ард түмний талд шийдэгдэх үү, эсвэл албан тушаалаа урвуулж, танил тал эрх мэдэлтэн, хөрөнгө мөнгөтэй авлигачдын талд үйлчлэх үү гэдэг нь илэрхий болох биз.
Бидэнд олдсон мэдээллээр Хөгжлийн банкнаас зээлийн шаардлага хангахгүй барьцаа тавьж, Монгол орныг хангах сүүний үйлдвэр барих төсөл бичиж их хэмжээний хөнгөлөлтэй зээл авсан “Монгол драй милк” буюу “Алтай групп” ХХК-ийг үүсгэн байгуулагч Х.Бат-Эрдэнэ (Алтай констракшн), дээрх банкнаас “Монгол мах экспо” махны үйлдвэрлэлийн чиглэлээр зээл авч, түүнийгээ зориулалт бусаар зарцуулан “Бишрэлт групп” компанийн хамаарал бүхий аж ахуйн нэгжийн хэрэгжүүлсэн “Гантиг вилла” хотхоны төсөлд хөрөнгө оруулсан үндэслэлээр “Капитал” банкны гүйцэтгэх захирал асан А.Ариунболд, өндөгний НВЦ компанийн захирал Ц.Баатарбилэг тэргүүтэй зээлдэгч нарыг цагдан хорьж шалгах санал хүргүүлсэн байна.
Харин Хөгжлийн банкны албан тушаалтнуудаас ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан Б.Шинэбаатар, 2013-2016 оны хооронд гүйцэтгэх захирал байсан Н.Мөнхбат, тэргүүн дэд захирал Ч.Энхбат, дэд захирал Б.Чойжилжалбуу, 2016-2019 онд гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Батбаяр тэргүүтэй албан тушаалтнуудыг цагдан хорих санал хүргүүлсэн аж.
Шүүх хэрхэн шийдвэрлэсэн талаар бид цаг тухайд нь мэдээлэх болно.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Алтан тушаалтан гэнээ Ганц үсэг алдахад л утга нь .......