Өмнөд Солонгост өнгөрсөн 24 цагийн дотор цар тахлын халдварын 90,443 шинэ тохиолдол бүртгэгдэж, өдөр тутмын халдварын тоо шинэ дээд хэмжээндээ хүрчээ.
Тус улсад өнгөрөгч мягмар гарагт 57,164 шинэ тохиолдол батлагдаад байсан ч нэг өдрийн дотор халдварын хэмжээ огцом өсөж, ийнхүү 90 мянга давсан байна.
Ерөнхий сайд Ким Бү Гём халдварын тархалтыг харгалзаж үзэх ч цар тахалд нэрвэгдсэн жижиг бизнесүүдийн төлөө хязгаарлалтуудыг хөнгөвчилж магадгүй гэж мэдэгдээд байсан билээ. Одоогийн дүрэм журмын хүрээнд, зургаагаас дээш хүнийг нэг дор цугларахыг хориглосон бөгөөд ресторан, кафег 21:00 цаг хүртэл ажиллахыг зөвшөөрөөд байгаа ч эдгээрийг зөөлрүүлэх эсэхийг ирэх баасан гарагт мэдэгдэх юм.
Коронавирусийн "Омикрон" хувилбарын улмаас БНСУ-д сүүлийн хэдэн долоо хоногт халдварын тоо огцом нэмэгдэж байгаа билээ. Эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, энэ сарын эцэс гэхэд өдөр тутмын тохиолдлын тоо 170 мянгад хүрч болзошгүй аж. Харин тус улсын Үндэсний математикийн шинжлэх ухааны хүрээлэнгээс энэ тоо ирэх сарын эхээр 360 мянгад хүрч магадгүй гэж тооцоолсон байна.
Өнөөдрийн байдлаар тус улсын 52 сая хүн амын 86.2 хувь нь вакцинжуулалтад бүрэн хамрагдсан бол 58 хувь нь нэмэлт тун тариулжээ.
Эх сурвалж: Yonhap News Agency
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.