СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Олгох газаргүй гэх Баянгол дүүргийн Газрын албаныхан ажилтандаа хууль бусаар эзэмшүүлжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
2 жилийн өмнө

Баянгол дүүрэг иргэдэд өмчлүүлэх, эзэмшүүлэх газаргүй болсон хэмээн зарладаг. Гэтэл албан тушаалтныхаа ашиг сонирхолд нийцүүлэн усны сан бүхий газарт газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн асуудлыг хууль сахиулах байгууллагынхан шалгаад гэмт хэрэг гэж үзсэн байна.

Улмаар Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны ахлах мэргэжилтэн Ц.Баярмагнай, нягтлан бодогч Д.Авирмэд тэргүүтэй албан тушаалтнуудыг Эрүүгийн хуулийн 22.1-1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” гэх үндэслэлээр яллагдагчаар тооцон шүүхэд шилжүүлжээ.

Газрын тухай хуульд хорих ангийн гадна хориотой бүс болон аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглодог. Мөн усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглохоор заасан. Гэтэл дээрх албан тушаалтнууд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутагт, “Улаанбаатар БҮК” ХХК-иас баруун урагш орших 4500 ам метр талбай бүхий газрыг П.Түмэн гэх хүний нэр дээр эзэмшүүлэх захирамж 2018 онд Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяагаар гарын үсэг зуруулан гаргуулжээ. Уг газар нь тус дүүргийн 2018 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгжид эзэмшүүлэхээр тусгаагүй, голын онцгой хамгаалалтын болон дулаан, цахилгааны шугамын хамгаалалтын бүстэй давхaцсан, ундны усны эх мужид орсон иргэн, аж ахуйн нэгжид эзэмшүүлэх боломжгүй аж.

Гэвч Газар зохион байгуулалтын албаны тооцооны нягтлан бодогч Д.Авирмэдийн ашиг сонирхолтой холбоотой байсан учраас П.Түмэнд эзэмшүүлэх шийдвэр гаргуулан, улмаар Баянгол дүүргийн Засаг даргын 2018 оны есдүгээр сарын 3-ны А/427 дугаартай Газар эзэмшүүлэх гэрчилгээ олгосон гэнэ. Түүгээр ч зогсохгүй уг газрыг П.Түмэнгээс гадна Л.Төгсбаяр уг газрыг хамтран эзэмших захирамж гаргуулаад 2019 оны нэгдүгээр сард бусдад шилжүүлэхээр шийдвэрлүүлсэн юм байна. Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны тооцооны нягтлан бодогч Д.Авирмэд нь П.Түмэнгийн бичиг баримтыг ашигласан, хамтран эзэмшигчээр Л.Төгсбаярыг бүртгүүлсэн, эцсийн эзэмшигч нь өөрөө гэдгийг хууль сахиулах байгууллагынхан тогтоож, уг нягтлан бодогчийг гэмт хэргийг зохион байгуулагч гэж прокурор яллах дүгнэлт бичжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.