АНУ-ын Кентакки мужийн Луисвилл хотын даргад нэр дэвшигч Крейг Гринберг өнгөрөгч даваа гарагт галт зэвсэгт халдлагад өртжээ.
Хотын Цагдаагийн газраас мэдээлснээр, галт зэвсэгтэй этгээд ноён Гринбергийг онилон буудсан ч азаар сум нэр дэвшигчийн хувцсыг шүргэн өнгөрсөн бөгөөд хэн ч гэмтээгүй байна. Цагдаа нар орон нутгийн цагаар 10:00 цагийн орчимд халдлага үйлдсэн этгээдийг баривчилсан бөгөөд Гринберг ба түүний ажлын албаны хэд хэдэн хүнийг барилгаас гаргаж байгаа нь орон нутгийн хэвлэлүүдийн камерт бичигджээ.
Албаныхан одоогоор гэмт хэргийн сэдлийг тогтоогоогүй байгаа аж. Харин бүс нутгийн Метроны зөвлөлийн Ерөнхийлөгч Дэвид Жеймс энэ явдлыг нэр дэвшигч Гринбергийн амийг хөнөөх гэсэн оролдлого гэж мэдэгджээ.
Өмгөөлөгч, бизнесмэн Крейг Гринберг өнгөрсөн жилээс Луисвилл хотын захирагч Грег Фишерийг залгамжлах уралдаанд ороод байгаа бөгөөд олон нийтийн аюулгүй байдлын төлөөх бодлого нь орон нутгийн улстөрчдийн дэмжлэгийг авч, их хэмжээний хандивыг босгоод байгаа юм.
Тэрээр Луисвилл хотын гэмт хэрэгтэй тэмцэж, оршин суугчдын амьдралын чанарыг сайжруулах төлөвлөгөөгөө өнгөрсөн сард танилцуулсан аж. Тус хотод сүүлийн хоёр жилийн хугацаанд хүн амины хэргийн тоо дээд хэмжээндээ хүрчээ.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.