СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хууль бус мөрийтэй тоглоомын хэргийг илрүүлж, эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг олжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт бүлэг, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан хэргийг илрүүлжээ.

Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гурван давхар объектод өнгөрсөн Ням гарагт 17 иргэний дунд хууль бус мөрийтэй покер тоглоом зохион байгуулсан уг гэмт хэрэгт 34 настай, эрэгтэй иргэн “Г” гэгчийг холбогдуулан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа талаар Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Холбогдогч “Г” нь өмнө нь мөрийтэй тоглоом зохион байгуулсан үндэслэлээр цагдаагийн байгууллагад шалгагдаж, Зөрчлийн тухай хуулиар гурван удаа торгох шийтгэл оногдуулж байсан аж.

Иймд иргэд орон сууц болон ажлын байраа бусдад түрээслүүлэхдээ таны объектод хууль бус үйл ажиллагаа явуулж буй эсэхэд хяналт тавих, таны ажиллаж, амьдарч буй орчинд сэжигтэй тохиолдол илэрвэл цагдаагийн байгууллагад хандахыг зөвлөлөө.

Сануулахад, мөрийтэй тоглоом зохион байгуулах, тоглох үйлдлийг 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдрөөс Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэгт тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэх болсон.

Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлд:

Олон нийтийн газар, эсхүл мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хуулиар хориглосон мөрийтэй тоглоомын газар байгуулсан, эсхүл ажиллуулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж тус тус заасан байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.