Монгол Улсын Хөгжлийн банкны зээл олголттой холбоотой асуудлаар УИХ дахь Ардчилсан намын бүлгээс мэдээлэл хийж байна.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат:
-Байгуулагдаад 11 жил болж байгаа ч 3.2 их наяд төгрөгийн зээлээс 55 хувь нь чанаргүй зээлд орчихсон байна. Манай улс зүүн хойд Азидаа хамгийн ядуу улсаар нэрлэгдэж байна. Хөгжлийн банкны асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулсан нь сайшаалтай ч энэ асуудалд Засгийн газар анхаарах ёстой байсан юм. Үнэмлэхүй олонх байсан МАН өнгөрсөн зургаан жилийн хугацаанд яг юу хийсэн бэ. 30,40 тэрбум төгрөг төлөгдсөн ч энэ нь тэр их мөнгөний өчүүхэн хэсэг нь юм. Ингээд миний бие УИХ-ын бүрэн эрхийн хүрээнд Хөгжлийн банкны асуудлаар Хяналт шалгалтын түр хороо байгуулах хүсэлтэй байгаа тул хамтран ажиллахыг бусад гишүүддээ хүргүүлж байгаагаа мэдэгдэж байна. 19 гишүүн байсан тохиолдолд түр хороо байгуулах боломжтой. Иргэдийн боломжийг хулгайлсан хүмүүст хариуцлага тооцуулах ёстой гэсэн байр суурьтай байгаа.
Ардчилсан намын дарга С.Эрдэнэ:
-Хөгжлийн банктай холбоотой хяналт шалгалтын ажлын хэсэгт Ардчилсан намын гишүүдээ оруулахгүй гэсэн байр суурьтай байна. Ардчилсан нам хяналт шалгалтын үр дүн гарсны дараа мэргэжлийн хүмүүсээр аудит хийлгэнэ. Бодит үр дүн гарсан эсэхийг олон нийтэд мэдээлнэ. Өмнө нь ч энэ асуудалтай адилхан хэргүүд гарч байсан. Анх концессийн асуудлаар тухайн үеийн засгийн газар огцорч байсан ч хэн ч ямар нэг хариуцлага хүлээгээгүй, эргэн төлөгдөөгүй. Мөн ЖДҮ-тэй холбоотой асуудалд УИХ-ын 50 гаруй гишүүн холбогдож 3-4 гишүүнд хариуцлага тооцсон гэсэн нэр зүүсэн, бусад нь өндөр албан тушаалтай хэвээрээ байгаа. Хөгжлийн банкны асуудал бас энэ байдлаар үргэлжлэх вий гэдэг болгоомжлол байна. МАН-ын ЕНБД энэ асуудалд холбогдсон гишүүдээ намаас хөөх асуудал ярьж байна лээ. Энэ бол хариуцлага хүлээсэн гэсэн үг биш, ийм үйл явдлыг дахин гаргуулахгүйн төлөө Ардчилсан нам ажиллана. Монгол улсад төр байгаа юм уу? Нэг, хоёр сэтгүүлчийн ажлаар төр ажил хийхээ болих хэрэгтэй. Төрийн хяналт шалгалтын байгууллага яагаад ажлаа хийхгүй байгаа юм бэ. Нөхөж сүржигнэхээ болих хэрэгтэй гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.