Хөгжлийн банкнаас албан тушаалын байдлаа ашиглаж өөртөө давуу байдал олгосон улс төрчдийн дунд Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатарын нэр буй. Түүнийг "Хотол түмэн" ХХК-аараа зээл авсан гэх мэдээлэл гарсан.
Тэрбээр энэ асуудалд өөрийн цахим хуудсаараа дамжуулан тайлбар өгч, дараах баримтыг хавсаргажээ.
Тэрбээр "Сүүлийн үед Хөгжлийн банкны асуудалд намайг холбогдуулан бичих болсон тул залруулга гаргаж байна. Миний бие Хөгжлийн банкны ямар нэгэн зээлтэй холбоогүй бөгөөд Хөгжлийн банкнаас нэг ч төгрөгийн зээл авч байгаагүй болохоо хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
2015 онд миний хөрөнгө орлогын мэдүүлэгт 5669456 тоот регистртэй “Хотол түмэн” ХХК-ийг 2016 онд нэрийг нь өөрчлөн “Конкрет адмикс” ХХК болгон улсын бүртгэлд бүртгүүлсэн бөгөөд одоо энэ компаниа эзэмшдэггүй болно.
Харин Улсын Бүртгэлийн Ерөнхий газар 2018 онд “Хотол түмэн” гэх нэрийг 6298788 тоот регистрийн дугаартайгаар бусдад олгосон байна. Шинээр байгуулагдсан энэхүү компани нь надтай ямар нэгэн холбоогүй болохыг үүгээр мэдэгдэж залруулга гаргаж байна" гэжээ.