"Шинэ сэргэлтийн бодлого-Аялал жуулчлал" хэлэлцүүлгийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас зохион байгуулж байна. Хэлэлцүүлгээр салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулах, салбар хоорондын уялдаа холбоог нэмэгдүүлэх асуудлыг хөндөж байгаа аж.
Аялал жуулчлалын салбарын 250 орчим төлөөлөл уг хэлэлцүүлэгт оролцож байгаа аж. Оролцогчдын байр суурийг хүргэж байна.
Монголын аялал жуулчлалын холбооны Ерөнхийлөгч Д.Гантөмөр: Энэ салбар элгээрээ хэвтчихлээ. Дэд бүтэц сул дээр нь нэмээд хүний нөөц хамгийн чухал асуудал. Монголчууд богино хугацаанд бага цалинтай ажил хийх сонирхолгүй. Ихэнх хүмүүс нь уул уурхай руу шилжчихсэн. Манай салбар зөвхөн зун ажиллахгүй, 4 улиралд ажилламаар байна. Төрөөс явуулж байгаа 10 их наяд мэтийн санхүүгийн дэмжлэгийг элгээрээ хэвтчихсэн ийм компаниудад зорилттойгоор өгмөөр байна.
Мөн зочид буудал, үйлчилгээний газруудад аюулгүй үйлчлэх стандартыг харуулсан ногоон үйлчилгээний шошгыг өгөх цаг ирсэн гэж би харж байна. Ковидын ямар нэг зөрчил гарвал тэр хэсгийг блоколж хаагаад бусад нь нээлттэй байлгах гэх мэтийн арга хэмжээ авмаар байна. Тэрнээс биш жуулчдыг нээлттэй авна гээд хамаагүй задгай хаяж болохгүй.
-Казино аялал жуулчлалыг татах томоохон үндэслэл. Манай улсад боломж бий юу?
-УИХ-ын даргаас санаачлан явуулж буй шинэ нисэх онгоцны буудлын эргэн тойронд кластр буюу нийгэм эдийн засгийг хөгжүүлэх бүсийг идэвхижүүлэх хэрэгтэй. Олон Засгийн газрын дамжиж гацсан зүйл бол казино. Эерэг болон сөрөг байдлыг сайтар тооцоолох ёстой. Аялал жуулчлалын үйлчилгээний талд нь бол дэмжиж байна.
Урьдчилсан байдлаар зөвхөн жуулчин хүлээж авдаг тур операторуудын орлого 80 хувиар, зочид буудлуудын орлого 63 хувиар, жуулчны баазуудын орлого 84 хувиар, ресторануудын орлого 50 хувиар, тэдгээрт ажиллаж буй ажиллах хүчний нөөцийн алдагдал 25-75 хувиар тус тус хумигджээ
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ: Аялал жуулчлалын стратегийн түнш болох томоохон ААН болон гадны элчин сайдын яамдын төлөөлөлтэй уулзаж бодлогоо танилцуулна. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Засгийн газар 44 хууль өөрчлөх гэж байна. Энэ салбарыг боомилж байсан тодорхой заалтуудыг өөрчлөх бодлого баримталж ажиллаж байна. Манай улс улбар шараас шар түвшинд шилжсэнтэй холбогдуулан холбогдох байгууллагуудыг жуулчдыг хүлээж авахдаа ямар нэг хүнд суртал, хүлээлт үүсгэлгүй хүлээж авахыг салбарын яамдад чиг үүрэг болгосон.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг: Богино хугацаагаар ирэх гадаадын 36 улсын иргэнд 3 төрлийн визийг 20-72 цагийн хугацаанд цахимаар олгох ажлыг туршилтаар эхлүүлсэн. МУ-БНХАУ-ын хооронд хил орчимын аялал жуулчлалын 3 хоногийн К3 визийг бий болгосон. ГИХГ болон БОАЖЯ, ХХЕГ зэрэг байгууллагууд хамтарсан ажлын хэсэг байгуулж аялалын маршрут зэргийг БНХАУ-ын талтай тохиролцох ажил бий. "Алсын хараа 2050" урт хугацааны бодлогын хүрээнд аялал жуулчлалыг хөгжүүлэх цогц арга хэмжээг батлан хэрэгжүүлж байна. Хилийн чанадад сууж буй Монгол Улсын 46 дипломат төлөөлөгчийн газраараа дамжуулан эх орноо сурталчлах ажлуудыг хийж байна.
"Интур Трейд" ХХК-ийн үүсгэн байгуулагч Т.Болд: Гадны улсууд аялалаа хэдэн сарын өмнө төлөвлөдөг. Манай салбарын онцлог ийм. Гэтэл гэнэтхэн Монгол Улс хилээ хаавал дэлхий нийтийн өмнө шившиг болно шүү гэдгийг хэлмээр байна. Агаарын тээврийн либеральчлал хамгийн чухал. Ж.Бат-Эрдэнэ сайдын үед эхний алхамыг хийсэн. 2019 онд 600 мянга гаруй зорчигч ирсэн. Улам лавшруулж чартер компаниудад зөвшөөрлийг нь дариу өгөх ёстой. Ганцхан "Үндэсний" гэдэг үгээр халхавчилсан МИАТ компанийг хамгаалах зорилгоор тэдэнд хязгаартай хандаад байна.
"Цолмон Трэвел" ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Навчаа: Бусад бүх жуулчны компаниудын нэгэн адил 2 жил 0 зогсолт хийсэн. Өнөөдөр 2-р сар. Энэ зуны жуулчныг авахын тулд бид нэг жилийн өмнөөс төлөвлөх ёстой. Маш сайнаар бодоход 20-30 жуулчин авч чадах болов уу даа. 2 жилийн өмнө жуулчдаас тодорхой хэмжээний урьдчилгаа авчихсан, аялалаа төлөвлөчихсөн байсан. Манай компанийн 50 хүнтэй тусгай жуулчны баг хойд хил дээр ирчихсэн орох гэж байтал манай улс хилээ хаачихсан. Зөндөө хүсэлт тавьсан ч үнэхээр оруулж чадаагүй тул тэд тусгай галт тэргээр буцсан. Энэ мэтчилэн алдагдалд зөндөө орсон. Бидний хувьд өнгөрсөн 2 жилд мэргэжилтэй боловсон хүчнээ алдсандаа их харамсаж байна. Тэрнээс жуулчин болон орлого алдсандаа харамсаагүй. Төмөр замын хил нээх талаар хэн ч ярихгүй байна. Энэ тээврээр маш их жуулчин орж ирдэг.
Эрүүл мэндийн сайд Н.Энхболд: Вакцины бүрэн тунд хамрагдсан гадны жуулчныг хүлээн авахад бэлэн. Нэмж шинжилгээ авахгүй. Өөрөө хүсвэл 3 болон 4-р тунд үнэ төлбөргүй хамруулж өгнө.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.