БНХАУ-д өрнөж буй "Бээжин-2022" өвлийн олимпын наадамд спортын хэд хэдэн хос хамт оролцож байгаа билээ.
Эх орноо төлөөлөн хурд, хүч, авхаалж самбаагаа сорьж байгаа тэд зорилгынхоо төлөө завгүй байгаа ч өнөөдөр тохиож буй Гэгээн Валентины өдрийг хамт өнгөрүүлж буй хосуудыг танилцуулж байна.
Эллиа Смединг ба Корнелиус Керстен
Их Британийн тамирчид Эллиа Смединг, Корнелиус Керстен нар Нидерландад амьдарч, бэлтгэл хийдэг бөгөөд тамирчны карьераа санхүүжүүлэхийн тулд кофены бизнес эхлүүлжээ. Тэд 30 жилийн дараа Олимпод Их Британийг төлөөлөн Гүйлтийн тэшүүрийн төрөлд оролцож, түүхэнд бичигдсэн юм.
Смединг эмэгтэйчүүдийн 1,500 метрийн төрөлд 27-р байрт орсон бол Керстен эрэгтэйчүүдийн мөн адил төрөлд 19-р байр, харин 500 метрийн зайд 25-р байр эзэлсэн байна.
Чанга хатуу тусгаарлалтад байгаа "Тамирчдын тосгон"-д хийх зүйл их биш ч тэд Гэгээн Валентины өдрийг тэмдэглэхээр төлөвлөж байгаагаа "BBC Sport"-д ярьжээ. Эллиа Смединг "Бид KFC болзоонд явж магадгүй. Эсвэл эндхийн худалдааны төвд хамтдаа романтик үс засалт хийлгэж болох юм" гэжээ.
Александр Аамодт Кильде ба Микаэла Шиффрин
Уулын цаначид Александр Аамодт Кильде, Микаэла Шиффрин нар 2021 онд болзож эхэлсэн ч Олимпын наадмыг тусдаа өнгөрүүлж байна. Норвеги, АНУ гэх хоёр өөр улсыг төлөөлж буй хос коронавирусийн хатуу хязгаарлалтын улмаас зөвхөн оройн хоолны үеэр уулзаж байгаа бөгөөд "FaceTime"-аар холбогдож байгаа аж.
Түүнчлэн энэ удаагийн Олимпын наадам тэдний хувьд баяр, харууслаар дүүрэн болж байна. Кильде уулын цанын хоёр төрөлд мөнгө, хүрэл хүртсэн бол медалийн төлөөх хүчтэй өрсөлдөгч байсан Шиффрин хоёр төрлөөс хасагдаж, супер-G төрөлд есдүгээр байр эзэлжээ.
Ким Мейлеманс ба Николь Силвейра
Бельгийн Ким Мейлеманс, Бразилын Николь Силвейра нар гурван жилийн өмнө Скелетоны ДАШТ-ий үеэр танилцсан ч өнгөрсөн оны 12 дугаар сард л харилцаагаа албан ёсоор зарласан билээ.
Тэд энэ удаагийн Олимпын наадамд эмэгтэйчүүдийн скелетон төрөлд хоорондоо өрсөлдөж, 18, 13-р байрт тус тус орсон юм. Мейлеманс мөн Бээжинд ирэхдээ коронавирусээр өвчилж, гурван өдрийн турш тусгаарлалтад орсон ч азаар тэмцээндээ оролцож боломжтой болжээ.
Магнус Недреготтен ба Кристин Скаслиен
Норвегийн кёрлингийн тамирчид Магнус Недреготтен, Кристин Скаслиен нар холимог хосын төрөлд мөнгөн медаль хүртэж, дөрвөн жилийн өмнө Пёнчанд хүртсэн хүрэл медалиа ахиулсан юм.
2012 онд анх танилцаж байсан хос одоо гэрлэсэн бөгөөд тэмцээн болгоныхоо дараа бие биедээ сэтгэл хөдлөл, бухимдлаа илэн далангүй илэрхийлдэг гэжээ.
Кёрлингийн хамтрагчтайгаа гэрлэхийн давуу талын талаар Скаслиен "Бид бие биеэ үнэхээр сайн мэддэг. Тиймээс аливаа зүйлд санаа зовох шаардлагагүйгээр хэлэх гэснээ шууд хэлж чаддаг. Хэн нь ч гомдохгүй, зүгээр л хэлэх зүйлээ хэлээд, урагшлах боломжтой" гэж хэлсэн байна.
Зузана Паулова ба Томаш Пол
Кёрлингийн спортод гэрлэсэн хосууд тийм ч ховор биш бөгөөд дээр дурдсан Норвегийн хосыг Чехийн Томаш Пол, Зузана Паулова нар ялсан юм. Гэвч тэд эцэст нь 6-р байрт шалгарчээ.
Эхнэр, нөхөр хоёр "Бээжинд-2022" олимпын наадамд оролцохын тулд цар тахлын халдвараас сэргийлж, урт удаан хугацааны тусгаарлалтыг хамтдаа өнгөрүүлсэн байна.
Гэхдээ энэ нь тийм ч амар байгаагүйг Паулова онцлон, "Бид өдрийн 24 цагийг хамтдаа өнгөрүүлэх нь тийм хэцүү байна гэж төсөөлөөгүй. Тиймээс ч Олимпын тосгонд ирж, шинэ хүмүүстэй уулзаж байгаадаа үнэхээр баяртай байна" хэмээн ярьжээ.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.