Украйны хил орчимд үүсээд байгаа хурцадмал байдалтай холбогдуулан тус улсын эрх баригчид ОХУ болон Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын бусад гишүүн оронтой уулзалт зохион байгуулахыг уриалжээ.
Орос улс цэрэг армийнхаа үйл ажиллагааны талаар тайлбарлах албан ёсны хүсэлтийг үл тоомсорлосон болохыг Украйны Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба мэдэгдсэн байна. Тэрээр "Дараагийн алхам бол Оросын төлөвлөгөөг ил тод болгох үүднээс ойрын 48 цагийн дотор уулзалт хийхийг хүсэх явдал" хэмээн тэмдэглэжээ.
Барууны зарим орон ОХУ довтолгоо хийхээр бэлтгэж байгааг анхааруулж байгаа бөгөөд тус улсын зүгээс "хэзээ мөдгүй" агаарын дайралт хийж магадгүй гэж АНУ мэдэгдсэн юм. Одоогийн байдлаар, арав гаруй улс орон иргэдээ Украйнаас гарахыг уриалаад байгаа бол зарим нь ЭСЯ-ны ажилтнуудаа эргүүлэн татжээ. АНУ ирэх 48 цагийн дотор Киевээс бүх боловсон хүчнээ татахаар бэлтгэж байгааг "CBS News" агентлаг мэдээлсэн юм.
Дмитрий Кулебагийн хэлснээр, Украйн улс Венийн баримт бичгийн дүрмийн дагуу ОХУ-ыг зорилгынхоо талаар хариу өгөхийг өнгөрөгч баасан гарагт шаардсан аж. Тэрээр үргэлжлүүлэн "Хэрэв Орос улс аюулгүй байдлын салшгүй байдлын талаар нухацтай хандаж байгаа бол хурцадмал байдлыг намжааж, бүх нийтийн аюулгүй байдлыг нэмэгдүүлэхийн тулд цэргийн ил тод байдлыг хангах амлалтаа биелүүлэх ёстой" гэж мэдэгдсэн байна.
Харин Ерөнхийлөгч Владимир Зеленский өнгөрөгч ням гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай нэг цаг орчим утсаар ярьсан ба энэ үеэр Цагаан ордон Украйныг дэмжиж байгаагаа дахин илэрхийлсэн гэжээ.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ulsaa hualdsan gemt heregten bo do udahgui