Уэльсийн хунтайж Чарльз коронавирусийн халдвар авсан болох нь өнгөрөгч пүрэв гаргийн өглөө ил болсон бөгөөд одоо тэрээр тусгаарлалтад ороод байгаа билээ. Тэгвэл Чарльз хоёр хоногийн өмнө Хатан хаан Элизабеттэй уулзсан болохыг албаны эх сурвалж мэдээлсэн юм.
Букингемийн ордны мэдээлснээр, хунтайж Чарльзд шинж тэмдэг илрээгүй ба тэрээр гурван удаагийн вакцинжуулалтад хамрагдсан аж. Харин Хатан хаан цар тахлын халдвар авсан эсэхийг зарлаагүй бөгөөд үүнийг эрүүл мэндийн хувийн нууц гэж үздэг байна.
73 настай Чарльз ийнхүү хоёр дахь удаагаа коронавирусээр өвчилж байгаа билээ. Тэрээр 2020 оны 3 дугаар халдвар авч байсан бөгөөд тэр үед түүнд хөнгөн шинж тэмдэг илэрсэн юм. Энэ удаад тэрээр 10 хоногийн турш өөрийгөө тусгаарлах ёстой хэдий ч шинжилгээний хариу нь тав, зургаа дахь өдөртөө "Сөрөг" гарсан тохиолдолд тусгаарлалтаас эрт гарах боломжтой аж.
Мөн Хунтайж Чарльз лхагва гаргийн орой Корнуоллын гүнгийн авхайтан Камиллагийн хамт Британийн музейд болсон хүлээн авалтад оролцож, канцлер Риши Сунак болон бусад хүнтэй уулзсан болохыг Их Британийн хэвлэлүүд мэдээлжээ. Гэхдээ түүний эхнэр Камиллагийн шинжилгээний хариу "Сөрөг" гарсан байна.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.