Манай www.livetv.mn сайт "Спортын домгууд" буландаа Монгол улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар, Дархан аварга Ж.Мөнхбат агсаныг онцолж байна.
Монгол түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн Монгол улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар, Дархан аварга Ж.Мөнхбат (1941-2018) үндэсний бөх болон чөлөөт бөхийн төрлөөр тив дэлхийд гарамгай амжилт үзүүлсэн тамирчин юм.
Тухайлбал тэрээр Монгол Улсын чөлөөт бөхийн тамирчдаас олимп, дэлхийн АШТ-ий анхны медалийг эх орондоо авчирч байжээ. Ж.Мөнхбат 1967 онд Энэтхэг улсын Шинэ Дели хотноо болсон чөлөөт бөхийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн бол 1968 онд Мексик улсын Мехико хотод зохиогдсон зуны олимпын их наадмаас мөнгөн медалиар энгэрээ мялаасан юм.
Тэрээр үндэсний их баяр наадамд 6 удаа (1963-1967, 1974) түрүүлсэн. 1963 онд улсын арслан У.Мижиддоржийг орхин түрүүлж улсын арслан цол хүртсэн. 1964, 1965 онуудад Бээжин аварга, Баянмөнх нарыг арслан заан цолтой байхад нь орхин түрүүлж улсын аварга цол хүртсэн. 1966, 1967 онуудад дархан аварга Д.Дамдин, Дархан аварга Х.Баянмөнх нарыг орхин түрүүлсэн. 1974 онд дархан аварга Х.Баянмөнхийг орхин сүүлчийн удаа түрүүлсэн. Анхны цагаан сарын барилдаанд 1963 онд түрүүлсэн. Цагаан сарын барилдаанд нийтдээ 6 удаа түрүүлж бүх бөхчүүдээс 3-т орох амжилт үзүүлжээ. Улсын их баяр наадамдаа нийт 23 удаа шөвгөрч түүхэн амжилтыг үзүүлжээ.
Одоо түүний хүү М.Даваажаргал арлын Япон улсад сумо бөхийн бүхий л дээд амжилтуудыг тогтоож аавынхаа нэрийг өндөрт өргөж яваа билээ.