Хөгжлийн банкийг анх байгуулахдаа санхүүжүүлсэн төслийнх нь 60-аас доошгүй хувийг уул уурхайн салбараас бусад нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний экспортлох чадварыг дээшлүүлэх, экспортыг дэмжсэн хөтөлбөрүүд байх ёстой гэж заасан. Харамсалтай нь энэ банк экспортыг биш эрх мэдэлтнүүдийг дэмжиж иржээ.
Ер нь бол байгуулагдсан цагаасаа л ийм байсан. Бүгд мэднэ. “Хөгжлийн банкны” гэх хэрэг хууль хяналтын байгууллагаар шалгагдаад ч удаж байгаа юм.
Жилийн наймхан хувийн хүүтэй зээлээс татгалзах бизнесмэн байх уу. Боломж байвал авах нь тодорхой бус уу. Яахав, Фейсбүүкийн Марк Цукерберг, “Амазон”-ы Жак Ма нарынх шиг бизнест зээл хэрэггүй байж магадгүй. Монголд бол зээлгүй бизнес боломжгүй. Тиймээс энэ туйлшрал дунд хэлмэгдэл гарах магадлал өндөр байна. Үүнийг учир мэдэх олон хүн хэлж байна л даа.
Хөгжлийн банкны ТУЗ нь, Зээлийн хороо нь, тэр дундаа Гүйцэтгэх удирдлагад Хяналт шалгалт, бас Эрсдэлийн үнэлгээ хариуцсан газруудын зөвшөөрлөөр зээлүүдийг олгосон байдаг.
Тэр утгаараа Хөгжлийн банкны ТУЗ-ийг удирдаж байсан нөхдүүд шалгууллаа. Гүйцэтгэх захирал Н.Мөнхбат, Б.Батбаяр нар шалгуулсан. Одоо Г.Амартүвшин АТГ-ын үүд сахихаар болж байна.
Нэг үгээр хэлбэл, хоёр жилийн өмнөөс зарим зээл нь эрүүгийн хэрэг болж АТГ, хууль хяналтын байгууллагад шалгагдаж эхэлсэн. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс Хөгжлийн банкны зээл олгосон албан тушаалтнууд албан тушаалын байдал, эрх мэдлээ урвуулан ашиглаж зарим зээлдэгчдэд давуу байдал олгосон эсэх, компаниудаас хахууль авсан эсэхийг шалгаж эхэлсэн байна.
Гэвч шалгагдаж буй Хөгжлийн банкны албан тушаалтнууд дунд гол хүмүүс нь алга. АТГ-ын анзаарахгүй, эсвэл тоохгүй байгаа Я.Сод-Эрдэнэ, Г.Дөлгөөн гэсэн хүмүүс байгаа юм.
Тодруулбал, 2016-2021 оныг хүртэл Хөгжлийн банкны дэд захирал бөгөөд Хяналт шалгалт, тамгын газрын захирлаар ажилласан Я.Сод-Эрдэнэ, 2016-2018 онд Хөгжлийн банкны дэд захирал бөгөөд Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын захирлаар ажиллаж байсан Г.Дөлгөөн нартай яагаад ч юм хариуцлага ярьдаггүй нь анхаарал татаад байгаа юм.
Янгугийн Сод-Эрдэнэ бол “Хэт” ХХК-д электроникийн инженер, “Айкон” ХХК-д электроникийн инженер, 2000 онд “Экспи” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан. 2001 оноос Нийслэлийн Захирагчийн ажлын албанд Мэдээлэл технологи хариуцсан мэргэжилтэн, 2005 онд Нийслэлийн мэдээлэл технологийн газрын дарга, 2010 онд НЗДТГ-т агентлагийн орлогч дарга болсон. Ингээд 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа Хөгжлийн банкны дэд захирал бөгөөд Хяналт шалгалт, Тамгын газрын захирлын албанд очсон. 2021 оны есдүгээр сараас Хөгжлийн банкны Захиргаа, удирдлага хариуцсан дэд захирлаар шилжин томилогджээ.
Ганбямбын Дөлгөөн нь 2008-2010 онд Монголбанкны Төлбөр тооцоо бүртгэлийн газарт нягтлан бодогч, 2010-2013 онд Монголбанкны Хяналт шалгалтын газарт хянан шалгагч, 2014-2015 онд Люксембургийн Вант Улсын “Шродерс” хөрөнгө оруулалтын сангийн шинжээч, 2015-2016 онд Монголбанкны Хяналт шалгалтын газарт ахлах хянан шалгагч, 2016-2018 онд Хөгжлийн банкны дэд захирал бөгөөд Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын захирал, 2018-2020 онд Төрийн банкны гүйцэтгэх захирал, 2020 оноос Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байна.
Одоогийн чанаргүй зээл дунд энэ хоёр захирлын хяналт тавьж, эрсдэлийн үнэлгээ хийж гаргасан зээл нэлээд байх аж.
Ийм байтал тэд тушаал дэвшээд, Я.Сод-Эрдэнэ нь өдгөө Хөгжлийн банкны Захиргаа, удирдлага хариуцсан дэд захирал, Г.Дөлгөөн нь бүр үсрээд Төрийн банкны гүйцэтгэх захирал, тэгээд дараа нь Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч болчихжээ.
Нөгөө талаас Гүйцэтгэх удирдлагын багийн эрсдэлийн бодлого, зохицуулалтын дагуу Хөгжлийн банк нь тогтоосон эрсдэлийн параметрүүдийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг. Тухайлбал, Хөгжлийн банкны Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газар нь барьцаа хөрөнгийг үнэлэх, гэрээний үүргийн дагуу барьцаа хөрөнгийг барьцаанд авах, барьцаа хөрөнгийн үнэ цэнийг хянах, зээл барьцаа хөрөнгийн бичиг баримтуудын хадгалалт хамгаалалтыг хариуцдаг. Гүйцэтгэх удирдлагын багийн бүрэлдэхүүнд гүйцэтгэх захирал, тэргүүн дэд захирал, газрын захирлууд буюу дээрх хоёр хүн үүнд багтана. Өөрөөр хэлбэл, багийн тоглолт гэсэн үг. Тэр утгаараа Б.Батбаяр, Г.Амартүвшин нар буруутвал Я.Сод-Эрдэнэ хяналт шалгалт хариуцсан дэд захирал нь байсан учраас хариуцлага хүлээнэ. Мөн Б.Батбаяр буруутай гэвэл Я.Сод-Эрдэнээс гадна дэд захирал бөгөөд Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын захирал асан Г.Дөлгөөн ч бас шалгуулах ёстой юм.
Бод доо, Хөгжлийн банк гэдэг хоттой хонь байна. Хоттой хонинд улстөрчид, улс төрд нөлөө бүхий нөхдүүд гэсэн чоно орчихжээ. Цөлмөсөн байна. Тэр боломжийг Хөгжлийн банкны ТУЗ, гүйцэтгэх удирдлагууд хэмээх хоньчид олгожээ. Чоно яахав, нүдүүлж байна. Харин Я.Сод-Эрдэнэ, Г.Дөлгөөн нарын гол хоньчид нь энэ дуулианыг “тээр дээр”-ээс хараад сууж байна. Тэгэхээр л идсэн “чоно” ялтай, өгсөн “хоньчид” ямбатайгаа үлдэх үү гэж асуумаар байгаа юм.
ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 11. БААСАН ГАРАГ. № 30 (6762)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
энэ новшнуудын бүх хөрөнгийг хурааж гэр бүлээр нь хүйс тэмтэр
Шалгаж өгсөнгүй хүмүүс гол буруутан шүү.
Сайн шалга дөлгөөнөөс ихмно гарна.
Yngugiin Sod-Erdene geheer erunhiilugchiin zuvluh Yngugiin Sodbaatariin ah duu bololtoi.
зов шуу наад эрсдэл хариуцсан захирлуудыг нудийг нь боочихоод ажлаа хийж бгаагуй л байх
Өө за за. Алчихдаг юм бна. Ах нь аав нь нөлөөлөөгүй чадлаараасэнэ ажлыг хийж байгаа гэх байх даа. Новшнууд
Янгугийн Содбаатар чигь Хюмон Констрөкшн компанийн нууц эзэн!! Энэ компани их баян бас том том төсал авдаг ихээхэн луйварын ард бдаг мөнгө угаадаг л гэх юм билээ.