ОХУ-ын уран зураач Анна Лепорскаягийн "Гурван хүн" гэх бүтээл дээр үзгээр нүд зурсан этгээд нь музейн харуул болохыг цагдаа нар тогтоожээ.
Энэхүү хэрэг өнгөрсөн оны 12 дугаар сарын 7-нд Екатеринбург хотын Ельциний төвд болсон бөгөөд хууль хяналтынхан тус уран зургийг "бага зэрэг" гэмтсэн гэж үзэн, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаад байсан юм. Харин Оросын Соёлын яам "Ард түмний соёлын өвийг устгаж, гэмтээсэн" гэх зүйл ангиар эрүүгийн хэрэг нээхийг шаардсан аж.
Уг явдал олон нийтийн дунд шуугиан тарьсны дараа орон нутгийн цагдаа нар "Өмч эвдэн сүйтгэсэн" гэх хөнгөн зүйл ангиар хэрэг үүсгэж, хяналтын камерын бичлэгт дүн шинжилгээ хийн, мөрдлөгийн ажиллагаа явуулсны эцэст буруутан нь хувийн хамгаалалтын байгууллагын ажилтан байсныг тогтоосон байна.
Хэрэв тус харуулын гэм буруутай нь нотлогдвол түүнийг гурван сарын цалин буюу 40 мянган рубль хүртэлх хэмжээгээр торгох, 360 цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсвэл гурван сар хүртэл хугацаагаар баривчлах шийтгэл олгох юм. Харин уран зургийг сэргээн засварлахаар Москва дахь Третьяковын уран зургийн галерей руу буцаасан аж.
Эх сурвалж: Лента, Новости Искусства
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Hahahah zursan nvd ni zohij