Шинэ Зеландын цагдаа нар коронавирусийн вакцины эсрэг жагсаал цуглаан хийж буй иргэдтэй мөргөлдөн, 50 гаруй хүнийг баривчилжээ. Тус улсын Парламентын ордны гадна өрнөж буй эсэргүүцлийн хөдөлгөөн нь гурав дахь өдрөө үргэлжилж байгаа юм.
Канадын "Оттавагийн бүслэлт"-ийн улмаас тус хот зогсонги байдалд орж, онц байдал зарласан тохиолдлоос урам зориг авсан Шинэ Зеландын иргэд өнгөрөгч мягмар гарагт хэдэн зуун автомашины цуваагаар Парламентын ордонд ирж, ойролцоох талбайг эзлэн, олон тооны майхан барьж, замын хөдөлгөөнийг хаажээ. Ингээд тэднийг хашин зогссон 100 гаруй цагдаа хагас цаг тутамд хэдэн метр урагшилж, жагсагчдыг ухраан, майхнуудыг нь хураах болсон тул хурцадмал байдал улам ширүүссэн байна.
Мөргөлдөөн дэгдсэний дараа дахиад 100 орчим офицер нэмэлт хүчээр ирж, иргэдийг Парламентын талбайгаас чөлөөлөн, баривчилгааны ажлыг зохион байгуулсан аж.
Веллингтоны цагдаагийн дүүргийн командлагч Супт Корри энэ талаар мэдэгдэхдээ "Цагдаа нар жагсагчдыг талбайгаас явахыг удаа дараа уриалсан хэдий ч амжилт олоогүй тул тэднийг хүчээр гаргасан. Цагдаагийн байгууллагын зүгээс иргэдийн жагсаал цуглаан хийх эрхийг хүлээн зөвшөөрч байгаа ч энэ нь олон нийтэд сөргөөр нөлөөлөхгүй байх ёстой" хэмээн тэмдэглэсэн байна.
Түүнчлэн тус улсын иргэдийн ихэнх нь вакцинжуулалтын хөтөлбөрийг дэмжиж байгааг эрх баригчид онцолсон юм. Тодруулбал, Шинэ Зеландын 12 ба түүнээс дээш насны хүмүүсийн 94 хувь нь вакцинд бүрэн хамрагджээ.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.