ГЕГ-ын Төрийн захиргаа, хамтын ажиллагааны газрын даргаар ажиллаж байсан Б.Оюундэлгэр 2015 онд бусдаас хахууль авч, байцаагчийн албан тушаалд томилсон хэрэгт холбогдон АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгуулж, хэргийг нь шүүхээр нэг бус удаа хэлэлцсэн билээ.
Б.Оюундэлгэр, Ц.Батбилэг, Г.Эрдэнэбаатар тэргүүтэй хүмүүсийг Гаалийн ерөнхий газрын дүрмийн 4.8-д заасан ГЕГ-ын Захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх үүргээ хэрэгжүүлэлгүйгээр Өмнөговь аймгийн Шивээхүрэн дэх Гаалийн газрын улсын ахлах байцаагч Г.Эрдэнэбаатарыг Замын-Үүдэд гаалийн улсын байцаагчаар шилжүүлэн томилох, Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч П.Дариймааг Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар шилжүүлэн томилох, Буянт-Ухаа дахь Гаалийн газрын улсын байцаагч Ц.Батбилэгийг Улаанбаатар дахь Гаалийн газрын улсын байцаагчаар шилжүүлэн томилох тушаал гаргуулсны хариуд Б.Оюундэлгэр 2015 оны наймдугаар сарын 11-нд Ж.Баттогтох, Л.Оргилмаа нараар дамжуулан Г.Эрдэнэбаатараас нэг сая, 2016 оны долдугаар сарын 29-нд Ц.Батбилэгээс 500 000 төгрөгийн хахууль авсан гэх хэрэгт холбогдсон юм. Уг нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б.Оюундэлгэрт нийтийн албанд ажиллах эрхийг нь хоёр жилээр хасан, 15 сая төгрөгөөр торгох ял шийтгэж байсан. Ц.Батбилэг, Г.Эрдэнэбаатар нарт хоёр жилийн хорих ял оноож, түүнийгээ мөн хугацаагаар тэнсэн харгалзахаар шийдвэрлэж байсан юм.
Анхан шатны шүүх хэргийн холбогдогч нарт ийнхүү ял шийтгэдэг ч давж заалдах болон хяналтын шатны шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцаасаар эцэслэн шийдвэрлэхгүй өдий хүрч байна. Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын хяналтын шатны шүүх 2019 оны арваннэгдүгээр сарын 20-нд хэлэлцээд хэргийг прокурорын хяналтад буцаах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. Түүнээс хойш нэмэлт ажиллагааг нь ч хийж дуусган Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн оны наймдугаар сард шилжүүлсэн ч шийдвэрлээгүй байна.
Шүүгдэгч, өмгөөлөгч нар цар тахлын халдвар авсан гэх зэрэг олон шалтгааны улмаас хэлэлцэлгүй өдий хүрэв. Уг хэргийг нэгдүгээр сарын 12-нд хэлэлцэхээр товлосон ч хүндэтгэх шалтгааны улмаас хойшлуулж энэ сарын 10-ны пүрэв гарагт дээрх шүүх хэлэлцэхээр товлоод байгаа юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.