Өмнөд Солонгост өнгөрсөн 24 цагийн дотор цар тахлын халдварын шинэ тохиолдлын тоо огцом нэмэгдэж, бараг 50 мянгад хүрсэн бөгөөд энэ нь тус улсад бүртгэгдсэн өдөр тутмын тохиолдлын хамгийн өндөр үзүүлэлт болжээ.
Тодруулбал, өнгөрөгч мягмар гарагт коронавирусийн 49,567 шинэ тохиолдол батлагдаж, өдөр тутмын халдварын хэмжээ 40 мянгаас давсан анхны тохиолдол болсон юм. Энэ үзүүлэлт өнгөрсөн долоо хоногийн эхээр 20 мянга орчим байсан бол ердөө гурав хоногийн дотор 30 мянгад хүрсэн билээ. Тус улсад бүртгэгдсэн нийт халдварын 92 гаруй хувийг эзэлж буй "Омикрон" хувилбарын улмаас сүүлийн хоёр долоо хоногт шинэ тохиолдлын тоо бараг дөрөв дахин өсжээ.
Эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн тооцоолж байгаагаар, энэ сарын эцэс гэхэд өдөр тутмын тохиолдлын тоо 170 мянгад хүрч болзошгүй юм.
Одоогийн нөхцөл байдлыг илүү сайн зохицуулахын тулд эрх баригчид зөвхөн 60-аас дээш насны болон эрсдэлтэй бүлгийн өвчтөнүүдийг өдөр бүрийн дуудлагаар хянахаар шийджээ. Харин эрсдэл багатай өвчтөнүүдийг биеийн байдлаа өөрсдөө хянан, шаардлагатай тохиолдолд орон нутгийн эмнэлэгтээ хандахыг хүссэн байна. Түүнчлэн коронавирусийн бүх өвчтөний тусгаарлалтын хугацааг долоо хоног болгож тогтоожээ.
Одоогийн байдлаар БНСУ-ын 52 сая хүн амын 86 хувь вакцинжуулалтад бүрэн хамрагдаад байгаа бол 55.7 хувь нь нэмэлт тун тариулаад байна.
Эх сурвалж: Yonhap News Agency
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.