Цусны даралт ихтэй хүмүүс Парацетамол эмийг тогтмол хэрэглэсэн тохиолдолд зүрхний өвчин, цус харвалтын эрсдэлтэй тулгарна гэж Их Британийн эрдэмтэд тогтоожээ. Тиймээс энэхүү эмийг тогтмол уух шаардлагатай өвчтөнүүд хамгийн бага тунг аль болох богино хугацаанд хэрэглэх ёстой гэж судлаачид анхааруулсан байна.
Дэлхий даяар хамгийн их хэрэглэгддэг эм болох Парацетамолыг ийм төрлийн өвчтөнүүдэд өгөхөд ямар ч аюулгүй гэж өмнө нь үздэг байсан бол энэ удаагийн судалгаагаар зүрхний өвчин, цус харвах эрсдэлийг 20 орчим хувиар нэмэгдүүлдэг болохыг нь тогтоожээ. Тус эмийн цусны даралтад үзүүлэх үр нөлөө нь Ибупрофен зэрэг үрэвслийн эсрэг эмтэй төстэй болох нь илэрсэн аж.
Тодруулбал, судалгаанд цусны даралт ихтэй 110 өвчтөнийг хамруулсан бөгөөд тэдэнд нэг грамм Парацетамолыг өдөрт дөрвөн удаа өгсөн байна. Хэсэг хугацааны дараа эдгээр хүний цусны даралт мэдэгдэхүйц нэмэгдсэн бөгөөд энэ нь судлаачдын тооцоолж байсан хэмжээнээс хамаагүй өндөр байсан аж.
Уг судалгааны ахлах судлаач, доктор Иян МакИнтайр энэ талаар "Энэ нь толгой өвдөх, халуурах үедээ Парацетамол уудаг хүмүүст хамаарахгүй. Харин тус эмийг удаан хугацаанд тогтмол хэрэглэдэг хүмүүст нүүрлэх эрсдэлийг харуулж байгаа юм" хэмээн тайлбарлажээ.
Эх сурвалж: Mirror
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.