АНУ-ын Охайо мужийн Ири нуурын мөсөн бүрхүүл хагарсны улмаас хөвөгч мөсөн дээр боогдсон 18 хүнийг аварчээ.
Иргэд тус нуурын мөсөн дээр цасны мотоцикл хөлөглөн явж байсан бөгөөд энэ үеэр мөсөн бүрхүүлийн нэг хэсэг хагаран, хөвж эхэлсэн байна. Ингээд тус бүлгийг бүс нутгийн Эргийн хамгаалалтын нисдэг тэрэгнээс олж харсан бөгөөд аврах ажиллагааг яаралтай эхлүүлсэн аж.
Боогдсон бүлгийн 11 гишүүнийг албаныхан нисдэг тэрэг болон агаарын хөдөлгүүртэй завиар аварсан бол үлдсэн долоон хүнийг нэгэн иргэн хувийн завиараа аюулгүй газарт хүргэжээ. Яаралтай тусламжийн баг бэлэн байсан хэдий ч аврагдсан бүлгийн хэн нь ч эмнэлгийн тусламж авах шаардлагагүй байсан гэж эрх баригчид мэдээлсэн юм.
АНУ-ын Эргийн хамгаалалтын албанаас иргэдийг анхаарал болгоомжтой байхыг уриалж, хөлдсөн нуураар зорчих гэж буй хүмүүсийг зохих тоног төхөөрөмжөөр тоноглогдсон байхыг зөвлөсөн байна. Тус албаны мэдэгдэлд "Аюулгүй мөс гэж байхгүй, гэхдээ иргэд эрсдэлээ бууруулж чадна" хэмээн тэмдэглэжээ.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.