Цар тахлын улмаас сүүлийн хоёр жилийн хугацаанд хилээ хаагаад байсан Австрали улс энэ сарын 21-ний өдрөөс хилээ бүрэн нээхээр болжээ. Үүний хүрээнд, коронавирусийн эсрэг вакцинд хамрагдсан жуулчид болон бусад виз эзэмшигчид тус улсад нэвтрэх боломжтой болох юм.
Ерөнхий сайд Скотт Моррисон энэ талаар мэдэгдэхдээ "Хэрэв та вакцины хоёр тунгаа тариулсан бол бид таныг дахин угтан авахад бэлэн байна" хэмээн тэмдэглэжээ. Харин эрүүл мэндийн шалтгаанаар вакцинд хамрагдаагүй аялагчид тус шаардлагаас чөлөөлөгдөх хүсэлт гаргах шаардлагатай бөгөөд хилээр нэвтэрснийхээ дараа тусгаарлалтад орох аж.
Энэхүү шинэ журам нь олон улсын боловсрол зэрэг олон салбарт таатай мэдээ байх болно. Австрали улс коронавирусийн үед дэлхийн хамгийн хатуу хилийн хяналтуудын нэгийг хэрэгжүүлсэн бөгөөд гадаадын ихэнх иргэдийг хүлээж авахаас татгалзан, зорчигчдын тоог хязгаарлахаас гадна иргэдээ тус улсаас гарахыг хориглоод байсан билээ. Тус улсын Засгийн газар 2020 оны 3 дугаар сараас хойш хилээ хаагаад байсан ч өнгөрсөн 12 дугаар сараас эхлэн олон улсын зарим оюутан болон тусгай ур чадвартай цагаачдыг нэвтрэхийг зөвшөөрсөн юм.
Австралид одоогийн байдлаар коронавирусийн халдварын 2.7 сая гаруй тохиолдол бүртгэгдэж, 4,240 хүн нас бараад байгаа бол нийт хүн амынх нь 80 орчим хувь нь вакцинд бүрэн хамрагдаад байна.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.