Австрийн Тирол бүсэд өнгөрөгч баасан гаргаас ням гаргийн хооронд 100 гаруй цасан нуранги үүсэж, есөн хүн амиа алджээ.
Альпийн уулс, цанын баазаараа алдартай Тиролд бүсэд дахин цас орж, хүчтэй салхи шуурга болох төлөвтэй байгаа тул бүс нутгийн эрх баригчид аюулын түвшнийг нэмэгдүүлсэн байна. Цасан нурангиас сэрэмжлүүлэх таван түвшний дөрөвдүгээр зэрэглэлийн хүрээнд "маш их хэмжээний цасан нуранги үүсэх магадлалтай" аж.
Энэхүү аюулт нөхцөл байдал нь "урьд өмнө тохиож байгаагүй" үзэгдэл бөгөөд цаашид илүү их цасан нуранги үүсэж болзошгүйг албаныхан анхааруулж байгаа юм.
Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр, Тирол бүс даяарх өргөн хүрээний аврах ажиллагаанд уулын аврах багийн 480 ажилтан оролцож байгаагаас гадна Австрийн зэвсэгт хүчин, армийн нисдэг тэргүүдийг дайчилж байгаа гэнэ.
Түүнчлэн хөрш Швейцарь улсад цасан нурангид дарагдсан хоёр хүн нас барсан бөгөөд олон хүнийг аврах шаардлагатай болжээ.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.