ОХУ ойрын хэдэн долоо хоногт Украйн руу довтлоход шаардагдах цэргийн хүчин чадлынхаа 70 орчим хувийг бүрдүүлсэн гэж АНУ-ын тагнуулын албаны хүмүүс мэдээлжээ.
Тус мэдээлэлд дурдсанаар, энэ сарын дунд үеэс эхлэн газар хөлдөж, хатуурах төлөвтэй байгаа бөгөөд Москва энэ үеийг ашиглан хүнд техникээ авчрах боломжтой аж. Тодруулбал, 2 дугаар сарын 15-наас 3 дугаар сарын сүүлч хүртэлх цаг агаарын нөхцөл байдал нь Оросын тал тоног төхөөрөмжөө урагшлуулах оргил үе болно гэж АНУ-ын албаныхан "Ройтерс" агентлагт хэлжээ. Гэхдээ Ерөнхийлөгч Владимир Путин ийм алхам хийхээр шийдсэн эсэх нь тодорхойгүй байгаа бөгөөд уг асуудлыг дипломат арга замаар шийдвэрлэх боломжтой хэвээр байгааг тэд онцолсон байна.
ОХУ одоогийн байдлаар Украйны хилийн ойролцоо 100 мянга гаруй цэрэг байрлуулаад байгаа хэдий ч халдлага үйлдэхээр төлөвлөөгүй гэх байр сууриа хадгалсаар байгаа юм.
Тус бүс нутаг дахь "НАТО"-гийн хүчнийг бэхжүүлэх зорилгоор АНУ-ын зүгээс нэмэлт цэргүүдийг Польш руу илгээж байгаа билээ. Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа Зүүн Европ руу 3,000 орчим цэрэг нэмж илгээнэ гэж мэдэгдсэн бөгөөд эхний бүлэг нь өнгөрөгч бямба гарагт Польшийн Ржешов хотод газардсан байна.
Довтлого болсон тохиолдолд 50 мянган энгийн иргэний амь нас үрэгдэнэ гэж шинжээчид тооцоолж байгаа юм. Мөн Украйны нийслэл Киев хэдхэн хоногийн дотор нурах бөгөөд олон сая хүн дүрвэснээр Европт дүрвэгсдийн хямрал үүсэж болзошгүй гэж таамаглаж байна.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.