Мадагаскарыг өнгөрөгч бямба гарагт "Батсирай" хар салхи дайрсны улмаас багадаа 10 хүн амиа алдаж, 50 мянга орчим хүн гэр оронгүй болжээ.
Энэ нь тус улсад сүүлийн хоёр долоо хоногт тохиосон хоёр дахь хүчтэй хар салхи бөгөөд хэд хэдэн тосгоныг тэр чигээр нь сүйрүүлсэн байна. "Батсирай" хар салхи нь хамгийн эхэнд зүүн өмнөд хэсгийн Мананжари хотыг дайрсан ба салхины хурд нь 235 км/ц-т хүрч, эрэг орчмын бүс нутгийг хүчтэй давлагаанд автуулжээ.
Үүний улмаас Мананжарид хоёр хоногийн турш цахилгаан тасарч, усны хангамж нь тасалдсан гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлсэн юм. Мөн нүүлгэн шилжүүлэх төв болгон ашиглаж буй сургууль, сүмүүдийн дээвэр ч эвдэрсэн аж.
Одоо тус хар салхины хүч суларч байгааг Мадагаскарын Үндэсний цаг уурын албанаас мэдээлжээ. Гэвч тус улсыг дөнгөж өнгөрсөн сард дайрсан "Ана" хар салхины улмаас 55 хүн амь үрэгдэж, их хэмжээний хохирол учраад байгаа билээ. НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн тооцоолсноор, нийт 150 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай болж магадгүй аж.
Эдгээр хар салхитай адил цаг агаарын эрс тэс үзэгдлүүд нь уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй бөгөөд цаашид улам нэмэгдэнэ гэж мэргэжилтнүүдийн үзэж байна. Мадагаскар нь мөн л дэлхийн дулааралтай холбоотой ган гачгийн нөлөөнөөс дөнгөж сэргэж байсан юм.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.