"Олон улсын ДОХ-ын эсрэг вакцины санаачилга" болон "Модерна" компанийн эрдэмтэд ХДХВ-ийн халдварын эсрэг вакцины эмнэлзүйн туршилтын нэгдүгээр үе шатыг албан ёсоор эхлүүлснээ зарлажээ.
Туршилтад ХДХВ-ийн халдваргүй 56 насанд хүрэгчийг хамруулж байгаа бөгөөд тэдэнд өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт вакцины эхний тунг тарьсан байна. "Модерна" компани нь коронавирусийн вакциныг үйлдвэрлэх явцдаа боловсруулсан технологи дээр суурилан энэхүү шинэ вакциныг гаргаж авсан аж. Үүний хүрээнд, мРНХ-ийг ашиглан ХДХВ-ийн дархлаа үүсгэгчийг нэмэгдүүлж, тус вирус нь аливаа өвчинтэй тэмцэхэд зайлшгүй шаардлагатай В эсийг идэвхгүй болгохоос сэргийлэх зорилготой юм.
Одоо хэрэглэгдэж байгаа "PrEP" болон ретровирусийн эсрэг эмчилгээний эм нь ХДХВ-ийн тархалтыг удаашруулж, нас баралтыг бууруулахад тодорхой хэмжээний үр дүн үзүүлж байгаа хэдий ч уг вирус нь анх илэрснээсээ хойш бараг 40 жилийн дараа ч хүн төрөлхтний эрүүл мэндэд заналхийлсээр байгаа билээ. Тэгвэл эрдэмтэд тус өвчнийг анх илрүүлсний 40 жилийн ой буюу 2023 онд вакцины эмнэлзүйн туршилтыг дуусгана гэж найдаж байна.
"Олон улсын ДОХ-ын эсрэг вакцины санаачилга" ашгийн бус байгууллагын Ерөнхийлөгч Марк Файнберг энэ талаар мэдэгдэхдээ "Бид ХДХВ-ийн вакцины шинэ чиглэлийг "Модерна"-гийн мРНХ технологиор ахиулж байгаадаа маш их баяртай байна. Энэхүү өвчний эсрэг вакциныг гаргаж авах нь урт бөгөөд хэцүү аялал байсан боловч иммуногенийн шинэ хэрэгсэлтэй болсон нь үр дүнтэй вакцинд хүрэхэд том ахиц гаргана" хэмээн онцолжээ.
Эх сурвалж: THEM, CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.