“Бээжин-2022” өвлийн XXIV Олимпын наадам энэ сарын 04-ны өдрөөс 20-ны өдрүүдэд 7 спортын 15 төрлөөр зохион байгуулагдана.
Энэ удаагийн олимпд 91 улс, багийн 2,800 гаруй тамирчид оролцох бөгөөд Монгол улсаа төлөөлөн гүйлтийн цанын төрөлд Б.Ачбадрах, А.Энхтуул нар хурд хүч, авхаалж самбаа, ур чадвараа сорих юм.
Өвлийн олимпын тамирчдын тосгон албан ёсоор нээлтээ хийж, Бээжин хот олимпд оролцох зочдоо хүлээн авч эхэллээ. Үүнтэй зэрэгцэн зочдын шинжилгээнээс Ковидын халдвар илэрсээр байна. Сүүлийн дөрөв хоногт 3500 гаруй хүн Бээжинд газардсан бөгөөд тэдний 54 хүний шинжилгээний хариу эерэг гарчээ.
“Шинжилгээний хариу эерэг гарсан тамирчдыг бид тэр даруй тусгаарлаж байгаа. Гэхдээ тэмцээн уралдаанд нь оруулахын тулд бүхнийг хийх болно” хэмээн “Бээжин-2022” олимпын эмнэлгийн шинжээчдийн багийн ахлагч, доктор ноён МакКлоски ярьсан байна.
Манай баг, тамирчдын шинжилгээний хариу сөрөг гарсан бөгөөд Б.Ачбадрах, А.Энхтуул нар шигшээ багийн дасгалжуулагч Б.Энх-Амгалангийн удирдлага дор урд хөршийн цасан замд бэлтгэлээ хангаж байна. Олимпын наадамд эх орноо төлөөлөх Б.Ачбадрах, А.Энхтуул нарын тухайд хоёрдугаар сарын 8-ны өдөр спринт зайд уралдана. Улмаар хоёрдугаар сарын 10-ны өдөр А.Энхтуул эмэгтэйчүүдийн 10 км зайд, хоёрдугаар сарын 11-ний өдөр Б.Ачбадрах эрэгтэйчүүдийн 15 км зайд хурд сорих юм.