Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон өнөөдөр /2022.02.01/ Украйнд айлчлан, тус улсын Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй хэлэлцээр хийнэ гэж албаныхан мэдээлж байна.
Хоёр улсын тэргүүнүүд ОХУ-тай холбоотой хурцадмал байдлыг дипломат аргаар шийдвэрлэхийг зорьж байгаа юм. Энэхүү айлчлалын өмнө Их Британийн Засгийн газар Украйны тогтвортой засаглал болон Оросоос эрчим хүчээ тусгаарлах ажлыг нь дэмжих зорилгоор 88 сая фунт стерлингийн тусламж үзүүлэхээ зарласан билээ.
Ноён Жонсон энэ талаар мэдэгдэхээ "Украйны иргэн бүр өөрсдийн засаглалаа шийдэх эрхтэй. Их Британи нь тус улсын холбоотон, ардчилсан түншийн хувьд бүрэн эрхт байдлыг нь устгахыг оролдож буй хүчнүүдээс үргэлжлүүлэн хамгаалах болно. Дипломатаар шийдвэр гаргаж, цаашид цус урсгахаас зайлсхийхийн тулд бид ОХУ-ыг ухарч, яриа хэлэлцээр хийхийг уриалж байна" хэмээн тэмдэглэжээ. Тэрээр мөн энэ долоо хоногийн сүүлээр Ерөнхийлөгч Владимир Путинтэй хэлэлцээр хийхээр төлөвлөж байгаа аж.
Их Британийн Гадаад хэргийн сайд Лиз Трасс Ерөнхий сайдыг дагалдан Украйнд зочлох ёстой байсан ч коронавирусийн халдвар авсан бөгөөд тусгаарлалтад орсон болохоо өнгөрөгч даваа гарагт мэдэгдсэн юм.
ОХУ ирэх сарын дотор Украйн руу довтлох "тодорхой боломж" байгааг АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден анхааруулж байгаа билээ. Тэгвэл даваа гарагт болсон НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдааны үеэр АНУ-ын элч Украйны хил дээрх Оросын цэргийн хүчний асуудлыг онцолсны дараа хоёр улсын төлөөлөгч нарын хооронд мөргөлдөөн гарсан байна.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.