Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдаанаар коронавируст цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулж, экспорт, импортын барааны ачаа тээврийг эрчимжүүлэх ажлын явц зэрэг 14 асуудлыг хэлэлцэж байгаа юм.
Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Засгийн газрын хуралдаан бүрд Улсын Онцгой комиссоос цар тахлын нөхцөл байдлыг танилцуулдаг. Хүүхдийн өвчлөл нэмэгдэж байгааг УОК-оос анхааруулсан. Нийт өвчлөлийн 20-21 хувийг хүүхдийн өвчлөл эзэлж байсан бол өнгөрсөн долоо хоногт 22 хувьд хүрсэн. Хүүхдийн өвчлөлийг авч үзвэл 45.5 хувь нь 5-11 насныхан байна" гэлээ.
Түүнчлэн өнөөдрийн хуралдаанаар Монгол, БНХАУ-ын хилийн Шивээ хүрэн, Сэхээ, Бичигт, Зүүн хатавч боомтуудын төмөр замын улсын хилийн шугам, дайран өнгөрөх цэгүүдийг тохиролцох тухай Монгол Улсын Гадаад харилцааны яамны нот бичиг, БНХАУ-ын Гадаад харилцааны яамны нот бичгийг хэлэлцэн дэмжсэн байна.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа:
-Өнөөдрөөс өндөр настнуудын тэтгэврийг нэмэгдсэн хэмжээгээр бодож, иргэдийн дансанд шилжүүлэх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар гаргалаа.
Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн алба хаасны тэтгэвэр авч байгаа тэтгэвэр авагчдын тэтгэврийн хэмжээг 15 хувиар нэмэгдүүлж байгаа. Ингээд,
Нийгмийн даатгалын сангаас нийт 458.7 мянган иргэн тэтгэвэр авч байна. Эдгээрийн 60 орчим хувь буюу 271 мянган иргэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ авч байна. Нийт тэтгэврийн нэмэгдэлд 637 орчим тэрбум төгрөг шаардагдаж байгаа.
Тэтгэвэр авдаг иргэдийн тэтгэвэр хамгийн багадаа 15 хувиар нэмэгдэж байна.
Иргэдийн тэтгэврийн нэмэгдлийг олгох талаар банкуудтай ярихад 3-4 цагийн дотор иргэдийн дансанд гүйцэт орж дуусна гэсэн хариултыг өгсөн.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.