УИХ-ын ээлжит бус чуулганы өчигдрийн /2022.01.31/ хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт “Нэгдсэн хуралдаан даргалагч Монгол Улсын тухайн жилийн төсвийн тухай хуулийн төслийн зүйл, заалт бүрийг уншин сонсгож, зүйл тус бүрээр нь санал хураалт явуулж батлуулна” хэмээн заасан байдгийн дагуу Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хуулийн төслийн зүйл, заалт бүрийг уншиж сонсгон, зүйл тус бүрээр нь санал хураалт явуулсан. Ингээд Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 77.2 хувь буюу Улсын Их Хурлын 44 гишүүн дэмжин, баталлаа. Дараа нь Улсын Их Хурлын дарга Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн зүйл, заалт бүрийг уншиж сонсгон, зүйл тус бүрээр нь санал хураалт явуулсан.
Төгсгөлд нь хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 81 хувь буюу 47 гишүүн дэмжиж, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдлаа.
Ийнхүү хуулиудыг баталсны дараа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хуулиудын эцсийн найруулгыг уншиж танилцуулсан. Дараа нь тэрбээр Улсын Их Хурлын 2022 оны ээлжит бус чуулганыг хааж, үг хэлэв.
Ээлжит бус чуулганаар дээрх хуулиудыг баталснаар Монгол Улсын 465 мянган ахмад настны тэтгэврийг нэмэх шийдвэр гарч байгааг онцлон тэмдэглэлээ. Энэ арга хэмжээнд нийтдээ 637.0 тэрбум төгрөг зарцуулагдах юм байна. Энэ хөрөнгөөр тэтгэврийг инфляцын түвшинтэй уялдуулан 15 хувиар нэмэгдүүлнэ. Төсвийн байнгын хороо богино хугацаанд үр дүнтэй хуралдаж, 310 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг төсвийн урсгал зардлыг 15.4 хувиар танах замаар буюу төрийн байгууллагуудыг 2022 онд урсгал зардлаа танаж, бүсээ чангалах байдлаар ажиллахыг чиглэл болгосон хэлбэрээр энэ эх үүсвэрийг гаргасан болохыг Улсын Их Хурлын дарга дурдав.
Бүрэн тэтгэврийн доод хэмжээг 500.0 мянган төгрөгт, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 400.0 мянган төгрөгт хүргэж байгаа бөгөөд энэ хууль 2022 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс буюу өнөөдрөөс хүчин төгөлдөр үйлчлэх юм байна.
Энэхүү шийдвэр Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Засгийн газар нэг зүгт харсан нэгдмэл бодлоготой, нийтлэг эрмэлзлийн үр дүнд биеллээ олж байгааг Г.Занданшатар дарга онцлон тэмдэглэсэн. Улсын Их Хурлын нэр бүхий гишүүдээс үнийн өсөлтийг хязгаарлах, нэн ялангуяа өргөн хэрэглээний бараа, хүнсний бүтээгдэхүүний үнийг өсгөхгүй байхад бодлогын шийдвэр гаргаж ажиллах талаар санал гаргасныг Засгийн газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгосны зэрэгцээ тэтгэвэр, тэтгэмжийн энэхүү нэмэгдлийг дагуулан бараа, бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх уриалгыг хувийн хэвшлийнхэн, үндэсний үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчдэд дэвшүүлсэн.
Ийнхүү Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ээлжит бус чуулганыг хааж, үг хэлснээр Улсын Их Хурын 2022 оны ээлжит бус чуулган өндөрлөлөө.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.