АНУ-ын Питтсбург хотын Форбес өргөн чөлөөний гүүр өнгөрөгч баасан гаргийн өглөө нурсны улмаас 10 хүн хөнгөн гэмтэл авсан бөгөөд гурвыг нь эмнэлэгт хүргэсэн байна. Ослын үеэр тус гүүр дээр зургаан тээврийн хэрэгсэл байсан аж.
Аврагчид 30 метр гаруй урт олс хэрэглэж, "хүн гинж" үүсгэн, хохирогчдыг татан гаргасан гэж бүс нутгийн Гал түймрийн албаны ахлагч Даррил Жонс мэдээлжээ.
Олон нийтийн аюулгүй байдлын албаныхан мөн тус гүүрэн доор байрлах хийн хоолойг хаасан бөгөөд оршин суугчдыг тухайн хэсгээс зайлсхийхийг хүссэн байна.
Хотын эзэмшлийн энэхүү гүүр нь ямар шалтгааны улмаас нурсан нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Питтсбург хотын дарга Эд Гейнигийн хэлснээр, нурсан гүүрийг хамгийн сүүлд 2021 оны 9 дүгээр сард шалгасан хэдий ч 2019 оны үнэлгээгээр бүтэц нь муудаж байгааг тогтоогоод байсан аж.
Уг явдал Ерөнхийлөгч Жо Байден дэд бүтцийн талаар ярихаар тус бүсэд ирэхээс хэдхэн цагийн өмнө болжээ. Тэрээр баасан гарагт ослын газар дээр очиж, Питтсбургт хотын бүх гүүрийг засварлана гэж мэдэгджээ. Ерөнхийлөгч Байден өнгөрсөн оны 11 дүгээр сард АНУ-ын зам, гүүрнүүдийг засварлахад 110 тэрбум ам.доллар зарцуулах тухай хуульд гарын үсэг зурсан юм.
АНУ-ын Холбооны тээврийн албаныхны мэдээлснээр, тус улсын 45 мянга орчим гүүрний нөхцөл байдал шаардлага хангахгүй байгаа аж.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.