Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр ээлжит бусаар хуралдав. Хурлаар бодлогын хүүг 0.5 нэгжээр өсгөн, 6.5 хувь болгожээ. Ингэснээр Төв банк мөнгөний бодлогын төлөвөө чангалах төлөвт шилжив.
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Тэргүүн дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөн, Дэд ерөнхийлөгч Г.Энхтайван нар хорооны ээлжит гишүүнээр ажилладаг. УИХ-ын даргын Эдийн засгийн зөвлөх Ц.Мөнхбаяр, СЭЗИС-ийн Экономиксийн тэнхимийн профессор Ц.Батсүх, МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн профессор Ч.Хашчулуун нар орон тооны бус зөвлөхөөр ажилладаг юм.
Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2022 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн ээлжит бус хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал гадаад, дотоод орчны төлөв, эрсдэлийг харгалзан үзээд:
КОВИД-19 вирусийн Омикрон хувилбарын тархалт эрчимжиж, дэлхийн эдийн засгийн төлөв өмнөх төсөөллөөс муудаж, тээвэр, логистикийн саатал, нийлүүлэлтийн гинжин хэлхээний доголдлоос үүдэн зардлын инфляц олон улс оронд огцом нэмэгдэж байна. Манай улсын хувьд мөн адил гадаад худалдааны тээврийн саатал үргэлжилснээр импортын барааны үнэ нэмэгдлээ. Мах, хүнсний ногоо, шатахуун, импортын барааны үнэ нэмэгдсэн нь бусад бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийг хүлээлтээс ихээр өсгөлөө. Жилийн инфляц 2021 оны 12 дугаар сард улсын хэмжээнд 13.4 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 14.8 хувьтай гарав. Эрэлтийн шалтгаантай инфляц эдийн засгийн идэвхжилийг даган алгуур нэмэгдэх хандлага хэвээр байгаа бол нийлүүлэлтийн шалтгаантай инфляцын цаашдын төлөв хилийн хязгаарлалт, тээвэр, логистикийн саатлыг хэр богино хугацаанд шийдвэрлэхээс голлон хамаарахаар байна.
Цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн сөрөг нөлөөг бууруулахаар шат дараатайгаар авч хэрэгжүүлж буй мөнгөний болон макро зохистой бодлого, санхүүгийн зохицуулалтын арга хэмжээнүүд нь эдийн засгийн сэргэлтийг дэмжиж, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хадгалахад эерэгээр нөлөөлж байна. Өнгөрсөн оны сүүлийн 2 сард уул уурхай болон тээврийн салбарын үзүүлэлтүүд хүлээлтээс буурч, харин бизнесийн хязгаарлалтууд суларч дотоод эрэлт нэмэгдсэнээр боловсруулах, худалдаа, үйлчилгээний салбарын үзүүлэлтүүд хүлээлтээс өндөр гарлаа.
Хилийн хязгаарлалтаас үүдэлтэй нийлүүлэлтийн доголдол үргэлжилж байгаагаас инфляцын хүлээлт нэмэгдэх, улмаар инфляцын хоёрдахь үеийн нөлөө эрчимжих эрсдэлтэй байгаа тул мөнгөний бодлогын төлөвийг чангарууллаа. Түүнчлэн, гадаад зах зээлийн суурь хүү өсөх төлөвтэй байгаа нь бодлогын хүүг өсгөх нөхцөлийг бий болгож байна.
Монголбанк эдийн засгийн сэргэлтийн явц, инфляцын өрнөлтэй уялдуулж бодлогын дараагийн алхмуудыг тухай бүр авч хэрэгжүүлэх болно гэв.
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:
-АНУ-ын Төв банкны бодлогын хүүтэй холбоотой гаргасан шийдвэр Монгол шиг хөгжиж буй орнуудад сөргөөр нөлөөлнө. Гэхдээ сайн цаг ирж байгааг илтгэх шинж тэмдгүүд бас байна.
Энэ оны сүүлээр инфляц бидний тооцоолсон хэмжээнд хүрч, 6+- хувь руу буурна. Уг нь жил бүрийн намар, хичээл эхлэхээс өмнө махны нийлүүлэлт өсөж, үнэ нь буурдаг. Харин энэ онд энэ жишгийг давтсангүй. Учир нь 2021 онд ноолуурын үнэ өндөр байсан, хүүхдийн мөнгө гэх мэт халамж тараас, хөл хорио тогтоосон зэрэг нь махны нийлүүлэлтэд нөлөөлөв. Махны үнийн өсөлт саарч байгаа тул удахгүй саарна. Ирэх сард инфляц хамгийн өндөр түвшинд хүрээд, буурснаар энэ сүүлээр бидний төлөвлөсөн хэмжээ рүү буурах хүлээлт байна.
Монголбанк арилжааны банкуудаар дамжуулан шатахуун нийлүүлэгчдэд нийт 300 тэрбум төгрөгийн зээлийг бага хүүтэй олгосон. Зээлийн жилийн хүү 9 хувь. Энэ зээлийг шатахууны нийлүүлэлтийг тогтворжуулах зорилгоор олгосон юм.
Засгийн газраас тэтгэвэр тэтгэмжийг нэмэх шийдвэр гаргасныг бид зөв гэж үзэж байна.
"Чингис хаан" банк хувь хэрэглэгчдийн мөнгийг түргэн өгч байна. Харин төрийн байгууллагуудтай гэрээ байгуулан, хуваарийн дагуу төлбөрийг нь гүйцэтгэж байна. Үндэсний хөрөнгө оруулалтын банк 50 орчим тэрбум төгрөгийн төлбөрийг гүйцэтгэжээ. Эдгээр банкуудад Тогтворжуулах хөтөлбөр хэрэгжиж, бид хяналт тавин ажиллаж байна. Харин Хөгжлийн банк тусдаа хуультай. 2020 оноос л манай хяналтад шилжсэн. Тус банкны олон зээл чанаргүй болсныг манай ханалтын ажилтнууд илрүүлсэн. Актив удирдлагын компани байгуулан, чанаргүй зээлүүдийг төлүүлнэ. Олон улсын сайн туршлагыг судлахад Актив удирдлагын компани өр авлагыг сайн барагдуулдаг юм байна. Иймд бид энэ хуулийн төслийг боловсруулан, УИХ-д өргөн барьсан. Одоогоор энэ хуулийг батлаагүй байна. Сүүлийн 14 сарын турш бодлогын хүү түүхэн доод түвшин болох 6 хувь байсан гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.