Хятадын Бээжин хотноо ирэх 2 дугаар сард болох 24 дэх удаагийн Өвлийн олимпын наадам бол олон улсын ивээн тэтгэгчдийн хувьд маркетингийн асар том боломж билээ. Гэвч "Бээжин-2022" нь тус наадмын албан ёсны түнш 13 компанийн толгойны өвчин болоод байна.
АНУ, Их Британи, Австрали, Канад улсуудын Засгийн газар тус наадмыг дипломат аргаар бойкотлоод байгаа бөгөөд Хятадын Төвөд, Хонконгт хэрэгжүүлж буй бодлогыг шүүмжлэн, уйгуруудын хүний эрхийг зөрчиж байгаа явдлыг буруушааж байгаа юм. Тэгвэл АНУ болон БНХАУ гэх хоёр том хүчний хоорондох дипломат маргаан дунд гацсан компаниудын ихэнх нь "чимээгүй" байхыг сонгож байна.
Өнгөрсөн жил Токиод болсон Зуны олимпын наадамтай харьцуулахад олон улсын ивээн тэтгэгчдийн "Твиттер" дээрх сурталчилгаа, маркетингийн жиргээний тоо эрс багассаныг "ВВС" агентлагийн шинжээчид тогтоожээ.
Энэ удаагийн Өвлийн олимпын наадмын албан ёсны түншүүд нь "Airbnb", "Alibaba", "Allianz", "Atos", "Bridgestone", "Coca-Cola", "Intel", "Omega", "Panasonic", "Procter & Gamble", "Samsung", "Toyota", "Visa" зэрэг брэнд юм. "Allianz"-аас гадна эдгээр компани бүгд "Токио-2020"-ын түншүүд байсан аж.
Зуны олимп эхлэхээс өмнөх хэдэн сарын хугацаанд эдгээр түнш компанийн ихэнх нь олон нийтийн мэдээллийн хэрэгслээр их хэмжээний контент цацаж, наадмыг идэвхтэй сурталчилж байсан бол одоогийн байдлаар "Бээжин-2022"-ыг бараг дурдаагүй брэндүүд ч байна.
"Enodo Economics"-ийн ахлах эдийн засагч Диана Чойлева энэ талаар "Visa, Coca-Cola болон бусад компани ер бусын "нам гүм" маркетингийн арга барилыг хэрэгжүүлж байна. Үүний тайлбар бол Вашингтоны бойкот" хэмээн тэмдэглэжээ.
Олон улсын ивээн тэтгэгчид "Бээжин-2022"-ыг хэт дэмжин, Хятадын хүний эрхийг зөрчлийн асуудлыг огт дурдахгүй байвал Барууны орнуудын зүгээс их хэмжээний шүүмжлэл сонсоно. Үүний нэгэн адил, Хятадын Засгийн газрыг шүүмжилсэн аливаа мэдэгдэл гаргавал тус улсад бизнес эрхлэх хэтийн төлөвт сөргөөр нөлөөлж болзошгүй юм.
Иймээс, 24 дэх удаагийн Өвлийн олимп нь хоёр тусдаа наадам болж өнгөрнө гэж шинжээчид дүгнэж байгаа аж. БНХАУ-д брэндүүд "Бээжин 2022"-ыг идэвхтэй сурталчилсан олимп болж өнгөрөх бол эдгээр брэнд нь Барууны орнуудад уг наадмын талаар бараг дурдахгүй өнгөрөх төлөвтэй байна.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.