Төв Америкийн Хондурас улсын анхны эмэгтэй Ерөнхийлөгч Шиомара Кастро өнгөрөгч пүрэв гарагт дэмжигчдийнхээ өмнө тангараг өргөжээ. Хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэнд болсон энэхүү ёслолын арга хэмжээнд АНУ-ын Дэд ерөнхийлөгч Камала Харрис оролцож, цаашид дэмжлэг үзүүлэхээ амласан байна.
Ийнхүү, Хуан Орландо Эрнандесийн найман жилийн засаглал дуусгавар болсон бөгөөд одоо түүнийг АНУ-ын шүүхээс авлига, хар тамхины наймаачидтай холбоотой хэрэгт буруутгаж байгаа юм.
Тэгвэл Кастро болон түүний Засгийн газар огцом хуваагдсан Конгресс, өрийн өсөлт, БНХАУ-тай тогтоосон харилцааны сорилт зэрэг томоохон асуудлыг шийдвэрлэх үүрэгтэй тулгараад байна.
Тус улсын Ерөнхийлөгч асан Мануэль Зелаягийн эхнэр болох Шиомара Кастро ядуу буурай амьдралтай сая гаруй иргэнийг нэн даруй үнэгүй цахилгаанаар хангахаа амлаад байгаа билээ. Тэрээр мөн Хондурасын одоогийн өрийг төлж барагдуулахын тулд бүтцийн өөрчлөлт хийх ёстой гэж мэдэгджээ. Түүний өмнөх хоёр Ерөнхийлөгчийн удирдлага дор тус улсын өр долоо дахин өсөж, 15.5 тэрбум ам.долларт хүрсэн нь дотоодын нийт бүтээгдэхүүний 60 орчим хувьтай нь тэнцэх хэмжээ юм.
Тангараг өргөх ёслолын дараа Дэд ерөнхийлөгч Харрис Ерөнхийлөгч Кастротой уулзан, цагаачлалын асуудал, эдийн засгийн хөгжил, авлигатай тэмцэх чиглэлээр хамтран ажиллахаа амласан байна. Түүнчлэн тэрээр Хондурас улсад коронавирусийн эсрэг вакцины хэдэн зуун мянган тун, 500 мянган тариур, эрүүл мэнд, боловсролын байгууллагуудад 1.3 сая ам.доллар хандивлана гэж мэдэгджээ.
АНУ-ын албаны хүмүүс мөн Хятадын нөлөөг зогсоох хүчин чармайлтын хүрээнд тус улстай хамтран ажиллаж, Тайваний олон улсын дэмжлэгийг нэмэгдүүлэхээр зорьж байгаа юм.
Хондурас нь Бээжингийн оронд Тайпэйтэй дипломат харилцаа үүсгэсэн цөөхөн орны нэг бөгөөд Тайваний Дэд Ерөнхийлөгч Уильям Лай энэ удаагийн тангараг өргөх ёслолд оролцсон байна.
Эх сурвалж: Reuters
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.