Грекийн Афин хотын төвийн барилгад хүчтэй дэлбэрэлт болж, нэг хүн шархдан, эмнэлэгт хүргэгджээ. Өнгөрөгч лхагва гаргийн үүрээр болсон дэлбэрэлтийн улмаас ойролцоох барилга, дэлгүүрийн лангуу болон автомашинуудад их хэмжээний хохирол учирсан байна.
Энэхүү зургаан давхар байшинд дэлбэрэлт болсны дараа барилга тэр чигээрээ галд автсан бөгөөд ослын газарт 24 гал сөнөөгч ажиллаж, галыг бүрэн унтраасан аж. Одоо гал сөнөөгчид барилга дотор гацсан байж болзошгүй хүмүүсийг аврахаар ажиллаж байгаа гэжээ. Аврагчид нуранги дор дарагдсан хэд хэдэн хүнийг чөлөөлөн, аюулгүй газарт хүргэсэн гэж "The Greek Reporter" агентлаг мэдээлсэн юм.
Тус барилга нь хотын гол замын хажууд, өндөр орон сууц, худалдааны барилгуудаар дүүрсэн, хөл хөдөлгөөн ихтэй хэсэгт байрладаг аж.
Орон нутгийн Гал түймэртэй тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс энэ явдлыг террорист ажиллагаа гэж үзэхгүй байгаа бөгөөд ахуйн хий алдагдсанаас дэлбэрэлт болсон гэж урьдчилсан байдлаар тогтоогоод байна. Дэлбэрэлтийн үеэр шархадсан 78 настай эрэгтэйн мэдүүлснээр, мягмар гаргаас хойш барилга дотор хий үнэртэж байсан аж.
Эх сурвалж: UPI
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.