СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-01-27

Олон нийтийн цагдаа ажиллуулах тогтоолыг баталлаа

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Нийслэлийн ИТХ-ын нэгдсэн хуралдаанаар олон нийтийн цагдааг ажиллуулах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ.

Өмнөх онд нийслэлийн хэмжээнд олон нийтийн цагдаагийн орон тоог 224 байхаар баталсан юм. Улмаар 205 олон нийтийн цагдааг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх чиглэлээр ажиллуулсан. Ингэснээр , гудамж талбайд үйлдэгдэх зөрчлийн илрүүлэлт 46.9 хувиар өссөн эерэг үр дүн гарчээ.

Тэгвэл энэ онд Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын харьяанд 227, тээврийн цагдаагийн албаны харьяанд 82, нийт 309 олон нийтийн цагдааг ажиллуулах санал ирүүлснийг хэлэлцлээ.

Олон нийтийн цагдаа нарт төрийн тусгай алба хаагчдын цалингийн сүлжээний 1 дүгээр шатлалтай дүйцүүлэн урамшуулал олгоно. Урамшуулал болон холбогдох бусад зардлыг Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын зохицуулах салбар зөвлөлөөс гаргах юм. 

Олон нийтийн цагдааг ажиллуулах хууль зүйн үндэслэл нь Цагдаагийн албаны тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулиудын холбогдох заалтуудад тусгагдсан байдаг аж.

Олон нийтийн цагдаа нар цагдаагийн үндсэн чиг үүргийг шууд хэрэгжүүлэхгүй бөгөөд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр олон нийтийн санаа бодлыг авах, үйл ажиллагаандаа тусгах, цагдаагийн байгууллага гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээг олон нийтэд хүргэх чиглэлд ажиллана гэдгийг Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дарга, хурандаа Р.Отгонжаргал нэмж хэллээ. 

Улмаар төлөөлөгчдийн олонх нь Олон нийтийн цагдааг ажиллуулах тогтоолын төслийг дэмжсэн бөгөөд, орон тоог боломжит хэмжээнд нэмэгдүүлэх саналыг гаргасан юм. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.